“АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-29 15:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнгийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.


Тус хурлын үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Александр Перязев “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнг танилцуулж, тус наадмын хүрээнд зохион байгуулдаг зарим төрлийн тэмцээнийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан улс орнууд болон тэмцээнд оролцсон нийт цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв.


Тус наадмын хүрээнд болсон 34 тэмцээнд 42 орны 277 баг, тамирчин оролцсон ба 11 улс өөрийн нутаг дэвсгэрт зарим төрлийн тэмцээнийг нь зохион байгуулжээ.




Хошууч генерал Александр Перязев олон улсын цэргийн наадамд оролцож буй цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл, мэргэжлийн ур чадвар жилээс жилд нэмэгдэж, өрсөлдөөн улам ширүүсэж байгааг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ, “АрМи” олон улсын цэргийн наадмын хүрээнд зохион байгуулдаг төрөл тэмцээнүүдийн дээд амжилтыг 2021 онд БНХАУ, Беларусь, ОХУ, Узбекистан, Энэтхэг зэрэг улс 33 төрлөөр эвдэж, шинэчлэн тогтоосныг тодотголоо.


Тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр тэргүүтэй албан тушаалтнууд цахимаар оролцлоо.




Мөн энэхүү хурлын үеэр олон улсын цэргийн наадмыг 2022 онд зохион байгуулах төлөвлөлтийн тухай ярилцав. Тодруулбал, ирэх жилийн олон улсын цэргийн наадмыг 2022 оны 8 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба 30 гаруй тэмцээнийг 15 улсын нутаг дэвсгэрт явуулах төлөвтэй байгаа аж.



Холбоотой мэдээ