“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-10-22 15:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан эхэллээ.


Хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яамнаас энэхүү түүхэн ойг тэмдэглэх, олон нийт, түүний дотор хүүхэд залуучуудад Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлов. Мөн хуралдаанд оролцогчдод өөрсдийн төлөөлж буй улсынхаа байр суурийг бүтээлчээр илэрхийлж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүч чадлаа сориход нь амжилт хүсэв.


“КОВИД-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанд МУИС, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 75 оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 сурагч оролцож байна.


Оролцогчдын бэлтгэлийг хангах, сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг өгөх зорилгоор НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр энэ сарын 8-нд нэгдсэн сургалт хийж, 11-19-нд Гадаад харилцааны яамны ажилтнууд хүлээн авч уулзсан байна.


“Загвар НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулагддаг, залуу үеийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө оюунаа уралдуулах боломжоор хангадгаас гадна оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.


Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “Загвар НҮБ” хуралдааныг Гадаад харилцааны яам НҮБ-ын Суурин зохицуулагчын газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж байна.


“Загвар НҮБ” хуралдаан энэ сарын 23-ныг дуустал МУИС-ийн Төв номын санд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ