Тайландын шигшээ Улаанбаатарт анхны бэлтгэлээ хийв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-21 15:55:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны J хэсэгт тоглохоор Улаанбаатарт ирсэн Тайландын шигшээ баг өнөөдөр албан ёсны бэлтгэлээ хийлээ.


Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн эсрэг Азийн цомын урьдчилсан шатны нээлтийн тоглолтыг хийх Тайландын шигшээ баг энэ сарын 19-ний өдөр ирээд байгаа билээ. Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагч Воравүүт Шримака шигшээ багаа дотоодын болон гадаадын 19 клубээс бүрдүүлсэн юм байна. 

Тухайлбал монглчуудын эчнээ танил Чонбури, Бангкок Юнайтед, Бурирам зэрэг багийг нэрлэж болох юм. Харин гадаадын лигээс Английн "Лестер Сити" багтай гэрээтэй Танават Сюнгчитавон, "Оксфорд" багтай гэрээтэй Бэн Дэвис, Белгийн "Дес Спорт" багийн Өвен Чарли Рейнат, Данийн Оденс багийн тоглогч Жонатан Хемди зэрэг тоглогчийг энэхүү шигшээдээ дууджээ.

Тайландын шигшээг ахалж яваа дасгалжуулагч Воравүүт Шримакагийн хувьд, 2016 оноос хойш залуучуудын багтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд "Азийн Цом"-ын 1/4 шигшээд үлдэж дээд амжилтаа гаргасан юм байна.

Тус шигшээ баг Монголын шигшээ багтай 10 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагаас хэсгийн эхний тоглолтоо хийнэ.



Холбоотой мэдээ