Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах эрх зүйн орчин бүрдэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-20 13:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд УУХҮЯ-наас байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хүргэх үүднээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг танилцуулжээ.


УУХҮЯ-наас байгалийн баялгийг олборлох, боловсруулах, худалдах, иргэдэд хүртээх гэсэн дөрвөн зарчмаар ажиллахаар эрх зүйн орчноо бүрдүүлж буй юм. Энэ хүрээнд ашигт малтмалын хайгуул олборлолтын эрх зүйн орчинг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж. Харин уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг Хүнд үйлдвэрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд уг хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Харин баялгаа борлуулах харилцааг зохицуулах Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг боловсруулж дууссан бөгөөд төслийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар дэмжиж байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн баялгаа борлуулаад олсон үр ашгийг иргэдэд тэгш хүртээх асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулахаар боловсруулж байгааг мөн тодотгов.


Тэрбээр, “Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр ил тод, нээлттэй борлуулах эрх зүйн орчин бүрдэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ