Японд Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-19 10:43:33

ТОКИО. /Nippon/. Японд энэ сарын 31-нд болох Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн кампанит ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлжээ. 


Шинэ Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хувьд “COVID-19”, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх эрхийг эрэлхийлэх бол сөрөг хүчний намууд эрх баригч эвслийн эрх мэдлийг сулруулахыг эрмэлзэж байна.


Нэр дэвшигчид парламентын гол танхимын 465 суудлын төлөө өрсөлдөх бөгөөд Либерал Ардчилсан нам болон түүний түнш “Комейто” намын хувьд дийлэнх олонхын байр сууриа хадгалахыг зорьж байгаа юм.


Доод танхимын сонгууль нь шинэ коронавирусний халдвар дэгдсэнээс хойш улсын хэмжээнд явуулж буй анхны санал хураалт юм. Мөн 2017 оны 10 дугаар сараас хойш энэ танхимын сонгуулийг анх удаа явуулах гэж буй бөгөөд сонгогчдод Абэ Шинзо, Сүга Ёшихидэ нарын засаг захиргаанд үнэлгээ өгөх боломжийг олгоно.


Энэхүү сонгууль нь К.Фүмиог Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээс хойш 27 хоног, Төлөөлөгчдийн танхимыг тарааснаас хойш 17 хоногийн дараа явуулж буйгаараа онцлог. Учир нь Дэлхийн II дайнаас хойш Ерөнхий сайд сонгогдож, доод танхимыг тарааснаас хойш хамгийн богино хугацаанд санал хураалт явуулж буй нь энэ болж байна.


Нэр дэвшигчид коронавирустэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгийг сэргээх арга замуудын талаар голчлон мэтгэлцэх төлөвтэй байна. Сонгуулийн кампанит ажил санал хураалтын өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 30-нийг хүртэл 12 хоног үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ