Сэлэнгэ аймаг 2030 он гэхэд 30 сая ширхэг мод тарьж, ургуулах зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-15 21:59:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Орон даяар өрнөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2030 он хүртэл “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг албан ёсоор нэгдлээ. Улмаар 2030 он гэхэд 30 сая ширхэг мод тарьж ургуулах зорилтыг тавиад байна.

Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд аймгийн төвийн төр төсвийн болон орон нутгийн 40 гаруй байгууллагын 400 орчим ажилтан, албан хаагчид оролцлоо. Тэд “Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын нэг га талбайд 2200 ширхэг хоёр наст нарсны тарьцыг суулгаж хувь нэмрээ оруулжээ.

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болж байсан. Үүнээс хойших 11 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг төв суурин болон ногоон байгууламжид 1.2 сая ширхэг мод бут, сөөг, ойн сангийн 12970 га талбайд ойжуулалтын ажил хийж 38 сая ширхэг мод тариад байгаа аж. Мөн энэ хугацаанд “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн, “Нэг иргэн-Нэг мод”, “Ойжуулалт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэх”, “Өрх бүр хашаандаа 2 ширхэг мод тарих” аянуудыг амжилттай зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймгаас ойн салбарын түүхэнд Б.Жамсран, О.Алтанцэцэг, Д.Нэргүй нарын гурван хүн хийсэн бүтээсэн үйлсээрээ манлайлж, “Ойн гавьяат ажилтан” гэсэн эрхэм алдрын эзэд болсон байдаг. 




Холбоотой мэдээ