Улаангом сумын хог хаягдлыг зөв зохистой зохион байгуулах бодлогын баримт бичигтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-15 12:15:08

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хог хаягдлыг хэрхэн зөв зохистой зохион байгуулах тухай бодлогын баримт бичгийг зөвлөх үйлчилгээний “Мог пластик” ХХК хийж гүйцэтгэн бэлэн болгожээ.

Тодруулбал, Улаангом сумын айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжээс гарах хогийн бүтцийн судалгааг өвөл, зуны улирлаар, хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой үйлдвэрийн судалгаа, энгийн болон аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө, Улаангом сумын хог хаягдлын төвлөрсөн цэгийг хэрхэн зөв зохион байгуулах ландфиллийн аргачилсан зөвлөмж зэрэг бодлогын баримт бичгийг зөвлөх үйлчилгээний “Мог пластик” ХХК боловсруулан бэлэн болгож, аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна.  

2021 оны 8-р сарын 6-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тариф, энгийн хог хаягдлыг дарж булах зардлын нэгж тариф”-ийг тус тус батлаж, аймгийн хэмжээнд дагаж мөрдөх журамтай болоод байсан юм.

 

 

Холбоотой мэдээ