Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-14 08:32:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт энэ сарын 13-нд бараалхав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын гадаад бодлогод Казахстан Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлов. Мөн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бататгахын төлөө байгаагаа илэрхийлэв.


Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар ярилцав. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцож, ялангуяа худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр логистикийн асуудалд анхаарч ажиллахаар болов.


Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улс нь Казахстаны найдвартай стратегийн түнш гэж онцлоод хоёр ард түмэн түүхэн нягт холбоотой гэв. Мөн манай хоёр улс олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмждэг сайхан уламжлал тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Касым-Жомарт Токаев казах үндэстнүүд нь Монгол Улсад өөрийн хэл, соёл, ёс заншлаа хадгалан маш таатай нөхцөлд оршин суудагт талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урив.

Холбоотой мэдээ