АНУ, Австрали сарнаа явагч бүтээх хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-10-13 11:25:31

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Австралийн сансрын агентлагууд “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сарнаа явагч бүтээх хэлэлцээр байгуулжээ.


“АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Австралийн сансрын агентлагтай шинэ гэрээнд саяхан гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь цаашид хоёр улсын саран дээр явуулах ажиллагааг дэмжих зорилготой” гэж NASA цахим хуудсандаа мэдээлсэн байна.


NASA-ийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, сарны гадаргуу дээр ажиллах төхөөрөмжийг Австралийн бизнесийн консорциумууд болон судалгааны байгууллагууд бүтээнэ. Энэхүү төхөөрөмж нь сарны хөрсөнд олборлолт явуулах, хөрсийг сарны арилжааны модулийн олборлолтын системд шилжүүлэх боломжтой байх аж.


АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд Австрали улс 150 сая ам.доллар гаргахаар болсон байна. Саран дээр буугч аппаратыг 2026 оноос хэтрэхгүй хөөргөхөөр товложээ.


“NASA” агентлаг саран дээр сансрын нисэгчдээ буулгах хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулсан билээ. “Artemis” гэж нэрлэсэн уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний үе шатанд “Space Launch System” шинэ хүнд пуужингийн тусламжтайгаар “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэхүү үе шатыг 2021 оны сүүлчээр хэрэгжүүлнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ