Туркийн парламент Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-10-07 16:13:09

АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний их хурал /парламент/ Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг лхагва гарагт соёрхон баталжээ.  


Өмнө нь уг баримт бичгийг Туркийн парламентын Гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал нэгтэй дэмжсэн байна.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган есдүгээр сард НҮБ -ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ энэ оны 11 дүгээр сард Глазго хотод болох уур амьсгалын асуудлаарх бага хурлын өмнө уг хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм. Турк улс 2016 оны дөрөвдүгээр сарын 22 -нд гэрээнд гарын үсэг зуржээ.


Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд 2015 онд Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.


Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэхийг зорьж байгаа юм.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг Их Британи улс Шотландын Глазго хотноо 11 дүгээр сард зохион байгуулна.


Холбоотой мэдээ