Ахмадуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-05 20:35:31

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Ахмадын хорооны дэргэд ахмадуудад зөвлөн туслах төвийг нээж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. 

Ахмадуудаас бүрдсэн 10 төрлийн мэргэжлийн чиглэлийн баг хороон дээр ажиллаж эхэлсний нэг нь сэтгэл зүйн төв юм. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас танхимаар үйл ажиллагаагаа явуулах цаг хугацаа богино байсан. Харин утсаар зөвлөгөө мэдээллийг ахмадууддаа хүргэж байсан юм. Харин энэ хагас жилээс сэтгэл зүйн төвд биечлэн ирж үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлж, сургалтын танхим, тусгай өрөөг бэлдэж мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна. Ахмадууд маань халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж цагийн хуваарийн дагуу ирж үйлчлүүлнэ. Сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг "Сэтгэлийн гоёл" ТББ-ын мэргэжлийн сэтгэл судлаач хамтран ажиллаж ахмадуудад сэтгэл зүйн зөвлөгөөг өгч байгаа. Мөн ахмадуудад зориулж цөөн хүнтэй танхимын сургалт, мэдээллийг мөн өгч байна гэж аймгийн Ахмадын хорооноос мэдээлэв.  

Эрүүл мэндийн сургалт мэдээллийг ахмад эмч нар өгч байна

Ахмадын хорооны дэргэд энэ жил эрүүл мэндийн сургалт мэдээллийн төв байгуулжээ.

Энэ төвийг ахмад эмч мэргэжилтнүүд хариуцан ажиллаж, ахмадуудад эрүүл мэндийн чиглэлээр сургалт мэдээлэл өгдөг байна. Гэвч цар тахлын үед нэг дор олон ахмад ирж үйлчлүүлэх боломжгүй байдаг. Өнөөдрийн байдлаар ахмадууд цагаа товлож, эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө мэдээллийг биеэрээ ирж, мөн утсаар ярьж зөвлөгөө авч байна. Энэ төвд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүүхдийн болон зүрх судас, мэдрэл, дотрын эмч нар зөвлөгөө өгч байгаа. Сургалтын заал, танхимыг тохижуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, ахмад эмч нарыг ажиллах нөхцөлөөр нь бүрэн хангасан. Одоогийн байдлаар эмч нар ковидоор өвдсөн өрхийн эмнэлгүүдийн хяналтад буй өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Бусад хугацаанд нь ахмадууддаа эрүүл мэндийн чиглэлийн зөвлөгөө мэдээллээ утсаар болон биечлэн өгнө гэж аймгийн Ахмадын хорооноос нэмж дуулгав. 




Холбоотой мэдээ