Хакүхо М.Даваажаргал XXI Магаки болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-10-01 11:22:15

ТОКИО. /TASS/. Зодог тайлах шийдвэр гаргасан сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Сүмо бөхийн холбооны шийдвэрээр дэвжээний багш боллоо. Одооноос эхлэн тэрбээр XXI Магаки болж байна гэж NHK телевиз мэдээлжээ.


Магаки нь мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний багшийн үеэс үед дамжин ирсэн нэр юм. Хакухогоос өмнө энэ нэрийг дэвжээний багш болсон 20 алдартай бөх зүүж иржээ. Ийнхүү Хакухо түүхэн дэх 21 дэх Магаки болов.


Дээд зиндааны 45 башёд түрүүлэн дээд амжилт тогтоосон тэрбээр зодог тайлахаар төлөвлөж буйгаа дэвжээний багшаараа дамжуулан даваа гарагт холбоонд мэдэгдэж, хүсэлтээ албан ёсоор өргөн барьжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Хакүхо гэмтэл бэртлийн улмаас Ёкозүнагийн хувиар 15 өдөр үргэлжилдэг башёд цаашид оролцох боломжгүй гэж үзсэн тул зодог тайлахаар шийдсэн байна.


Сүмо бөхийн холбоо Ёкозүна Хакүхог “ояката” болохыг зөвшөөрөх, Магаки эрх олгох эсэх талаар холбогдох хороог хуралдуулсан байна.


Хакүхо өдгөө 36 настай юм. Тэрбээр Саёко Вада гэдэг япон бүсгүйтэй гэрлэжээ. 2019 онд Хакухо Японы иргэншил авсан байна. Тэрбээр Япон улсын иргэн болсноор зодог тайлсны дараа дэвжээний эзэн болох боломжтой юм. Монгол Улсын иргэншлээс татгалзсан нь Японд давхар иргэншлийг хуулиар хориглосонтой холбоотой байна.


Холбоотой мэдээ