Ц.Элбэгдорж: Монголын ард түмэн сонголтоо хийлээ,энэ бол дээд шийдвэр

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 14:51:08

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг зохион байгуулж явууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын анхдугаар чуулганыг нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Эрхэм хүндэт иргэд сонгогчид оо,

УИХ-д шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна.

Сонгуулийн шат шатны байгууллага сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргаж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон гэж үзсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өөрөөр шийдсэн гишүүний тухай мэдээлэл алга байна. Иймээс Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдуулж Та бүхний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх төрийн ёслолыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

Сонгуулийн бүх шатны байгууллага энэ удаагийн сонгуулийг эмх цэгцтэй, ил тод, хуулийн дагуу сайн зохион байгуулсныг энд тэмдэглэе. Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц урьдхаасаа анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж давуу талаа дахин нотоллоо. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээв.

Иргэд сонгогчдодоо өгсөн амлалт, тэдэнтэй хийсэн гэрээгээ шударгаар хэрэгжүүлж ажиллахыг сануулахын ялдамд дараахь таван зүйлийг давын өмнө тэмдэглэн хэлье.

УИХ-ын шинэ бүрэлдэхүүн хууль тогтоох ажлаа Төрийн албаны болон Хариуцлагын хуулийг хэлэлцэж батлахаас эхлээсэй гэж хүсэж байна.

УИХ-д дийлэнх олонхийн суудал авсан Монгол Ардын Нам Монгол Улсын Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтынхаа дагуу мэргэжлийн, чадварлаг, ажил үүргийн давхардалгүй, хяналттай хариуцлагатай байхаар зохион байгуулах ёстойг хэлье.

Төрийн албаны бүх шатанд Төрийн албан хаагчдын мэргэшсэн, тогтвор суурьшилтай байдлыг хадгалж ажиллах зүй ёсны шаадлага гарч байгааг энд онцлон сануулъя.

Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлагын олон нийтэд хүрсэн, үр дүн хэрэгжилт нь иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудыг тасалдал хийдэлгүй үргэлжлүүлэх нь манай төрт ёсны уламжлалд нийцнэ гэдгийг зориуд цохон сануулъя.

Монгол Улсын уламжлалт найрсаг нээлттэй бодлогын залгамж чанар тууштай үргэлжлэх нь гарцаагүй. Үүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх энэ цаг мөчөөс хэлбэрэлтгүй нотолж ажиллахыг Та бүхнээс хүсье.

Монголын түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг бол их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм. Үүнд Та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Дээр хэлсэн зарчмуудыг удирдлага болгон УИХ-д сонгогдсон гишүүд Та бүхний бүрэн эрхийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь Монголын ард түмний хийсэн сонголтод нийцнэ гэж үзэж байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье” гэлээ.

Холбоотой мэдээ