Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй сумын тариалан эрхлэгч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр “Алтан
намар-2021” үзэсгэлэн худалдаа эхэлж 10 гаруй сумын тариалан эрхлэгч оролцож
байна гэж ХАҮТ-ийн Завхан дахь салбараас мэдээлэв.
-Өнөөдөр Улиастай сумын Баруун бүсийн
худалдааны төвийн гадна талбайд “Алтан намар-2021” үзэсгэлэн худалдаа эхэлсэн.
Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн
танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, "Дэлхийн зөн" ОУБ-ын Завхан аймгийн эдийн засгийн өсөлт, хөгжилд иргэний нийгмийн
байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх төслөөс хамтран зохион байгуулж байна.
Мөн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын ажилд аймгийн Хөгжимт жүжгийн театр, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа. Уламжлал болсон үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн тэргүүний тариаланчдынхаа арга туршлагыг сурталчлах. Тариаланчдын хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, шилдгүүдээ шалгаруулах. Хэрэглэгчдэд орон нутгийнхаа хөрсөнд тарьсан чанартай төмс, хүнсний ногоог нэг доороос, хямд үнээр худалдан авах боломжийг олгодог.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 10-аад сумын 50 гаруй тариалан эрхлэгч оролцож төмс, хүнсний ногоо, малын тэжээл,
хүлэмжийн ногоонууд гэсэн төрлөөр оролцож байна. Үзэсгэлэн худалдааг хоёр өдөр
зохион байгуулж үзэсгэлэнгээс шилдэг тариаланч аж ахуйн нэгжүүдийг
шалгаруулна. Түүнчлэн шилдгийн шилдэг гурван тариалан эрхлэгч, шилдэг хүлэмжийн
тариалан эрхлэгч, хамгийн том байцаа, манжин, лууван, төмс, сонгино ургуулсан
тариаланчдыг тус тус шалгаруулж урамшуулах юм гэв.