Испанийн хөлбөмбөгийн багуудад өгсөн тусламжийн мөнгийг буцааж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-05 11:01:27

МАДРИД. /ВВС/. Испанийн хөлбөмбөгийн долоон баг төрөөс авсан тусламжийн хэдэн сая еврог эргүүлэн төлөхөд хүрчээ.

Багуудад олгосон хөнгөлөлттэй зээл, татвар болон өмч хөрөнгийн талаарх хэлэлцээрүүд нь Европын Холбооны дүрэм журмаар бол “хууль бус зүйл” гэж Европын Комисс үзсэн байна.

Нийтдээ 20 сая еврог засгийн газарт буцаан өгөхийг дэлхийн хамгийн баян баг гэгддэг Европын аварга “Реал Мадрид”-д үүрэгджээ.

Үүнээс гадна Нидерландын хөлбөмбөгийн таван баг хууль бусаар санхүүгийн дэмжлэг авсан болохыг тус комисс тогтоосон аж.

ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн комиссар Маргрет Вестагер хэлэхдээ “Испанийн долоон багт татвар төлөгчдийн мөнгөнөөс авч шударга бусаар байдлаар тусламж дэмжлэг үзүүлсэн” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “мэргэжлийн хөлбөмбөгийн багууд шударга өрсөлдөөний дүрмийг дагах хэрэгтэй” гэв.

ЕХ-ны хуулинд “ЕХ-ны гишүүн улсуудын засгийн газрууд арилжааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд төрийн сангаас тусламж дэмжлэг үзүүлэн, өрсөлдөөнийг гажуудуулж болохгүй” гэж заасан байдаг аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ