Америкийн үндэсний баяраар аюулгүй байдлын арга хэмжээг чангатгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-05 09:48:17

ВАШИНГТОН. /VOA/. Бангладеш болон Туркт болсон террорист халдлагатай холбогдуулан АНУ-д аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаад байгаа энэ үед олон сая америкчууд уламжлалт галт наадам, парад, концерт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Их Британиас тусгаар тогтносны 240 жилийн ойгоо тэмдэглэж байна.

АНУ-ыг чиглэсэн илт заналхийлэл байхгүй байгаа хэдий ч зэвсэглэсэн болон нохойтой цагдаа нар нисэх буудлууд, галт тэрэг болон автобусны буудлуудад эргүүл хийж байна.

Жил бүрийн галт наадмыг үзэж, хөгжим сонсч, зугаацахаар олон мянган хүн Вашингтон, Чикаго, Нью-Йорк хотод ирдэг учраас эдгээр хотуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна.

Дөнгөж тангаргаа өргөөд байгаа 1200 гаруй цагдаа нар саяхан байгуулагдсан терроризмтой тэмцэх хүчнийхний хамт Нью-Йорк хотод ажиллаж байна. Харин Чикаго хотод энэ амралтын өдрүүдийг дуустал 5000 орчим цагдаагийн албан хаагчид эргүүлд гарчээ. Учир нь, энэ онд Чикаго хотод буу хэрэглэн хүний амийг хөнөөсөн хэрэг газар авсаар байна. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 24 хүн буудуулснаас гурав нь амиа алджээ.

Нийслэл Вашингтон хотын худалдааны төвийн дагуу аюулгүй байдлын хяналтын найман цэг байгуулж, цагдаа нар бүх цүнх, савыг нэгжин, согтууруулах ундаа болон марихуаныг хураан авч байна.

АНУ-ын Дотоодыг хамгаалах яамнаас сонор сэрэмжтэй байж, сэжиг бүхий зүйл ажиглагдвал эрх баригчдад нэн даруй мэдээлэхийг иргэдэд сануулжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ