Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-22 14:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.


Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21 397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь хөнгөн 12,329, хүндэвтэр 6729, нэн хүнд 380 иргэн байна. Коронавируст халдварын улмаас 1059 иргэн нас баржээ. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд даалгав. Мөн Улсын онцгой комиссын хурлын давтамжийг нэмэгдүүлж, уялдаа холбоотой ажиллах, халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав.

 

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:


-Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан “Игазар” вэб системийн тухай, түүний хөгжүүлэлтийн талаар танилцуулав.  

-“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад, шинэ төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн тэжээлийн “Цэвэрлэх” дэд станцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайдад, бохир усны Туул1 коллекторыг 2022-2023 онд багтаан байнгын ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.

Холбоотой мэдээ