Талибууд Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-22 09:14:22

НҮБ. /TASS/. “Талибан” хөдөлгөөний (ОХУ-д хориглосон) төлөөлөгчид Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын долоо хоногт оролцох хүсэлтэй байгаагаа НҮБ-д илэрхийлжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлэв.


"Афганистаны Исламын Эмирт улс" гэж гарчигласан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга есдүгээр сарын 20-нд  хүлээн авчээ. “Талибан”-ы удирдагчдын комиссын дарга Амир Хан Моттаки “Гадаад хэргийн сайдын хувиар” гарын үсэг зурсан уг захидалд талибууд есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох хүсэлтэй байгаагаа бичсэн байна.


Захидалд мөн талибуудыг засгийн эрхэнд гарахаас өмнө Афганистаны Ерөнхийлөгч байсан Ашраф Гани албан тушаалаасаа огцорч, Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөгдөхөө больсныг дурджээ.


Түүнчлэн захидалд Афганистанаас НҮБ -д суугаа байнгын төлөөлөгч Афганистаныг төлөөлөхөө больж, Мохаммад Сохаил Шахиныг шинэ байнгын төлөөлөгчөөр нэр дэвшүүлж байгааг дурдсан байна.


Үүний зэрэгцээ есдүгээр сарын 15 -ны өдөр НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Афганистаны байнгын төлөөлөгчийн газраас Ерөнхий Ассамблейд оролцох төлөөлөгчдийн жагсаалт бүхий захидлыг хүлээн авчээ. Уг захидалд НҮБ-д суугаа Афганистаны төлөөлөгч Гулам Исхакзайд гарын үсэг зурсан байна.


Стефан Дюжаррикийн хэлснээр, хоёр захидлыг "нарийн бичгийн дарга нарын газарт, мөн Ерөнхий Ассамблейн даргын албатай зөвлөлдсөний дараа Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы магадлан итгэмжлэх хорооны гишүүдэд илгээжээ”.


76 дугаар чуулганы магадлан итгэмжлэх хороог есдүгээ сарын 14 -ний өдрийн анхны хуралдаанаар байгуулжээ. Уламжлал ёсоор уг хороонд ОХУ, АНУ, БНХАУ ордог бөгөөд түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон зургаан улс ордог байна. Тус хороо НҮБ-д суух улс орнуудын байнгын төлөөлөгчидтэй холбоотой асуудлыг, мөн төлөөлөгчдийг дээд түвшний уулзалтын долоо хоногт магадлан итгэмжлэх асуудлыг шийддэг аж.


Холбоотой мэдээ