“Facebook” уур амьсгалын талаарх буруу ташаа мэдээлэлтэй тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-09-17 17:28:21

ВАШИНГТОН. /The Guardian/. Америкийн “Facebook” компани уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх чиглэлд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр болсноо мэдэгдлээ.


Тодруулбал, уур амьсгалын судалгааны төвөө найдвартай мэдээллээр хангах, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх байгууллагуудад хөрөнгө оруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч залуу идэвхтнүүдийг тодотгон харуулсан цуврал дүрс бичлэг хийхээр төлөвлөж байна.


Гэвч шүүмжлэгчдийн хувьд пүрэв гарагт "Facebook"-ийн хийсэн мэдэгдлийг хангалтгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. “Facebook” нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх буруу мэдээллийг платформдоо цацахыг зөвшөөрдөг гэх шүүмжлэлд олон жилийн турш өртсөөр иржээ.


Харин “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ оны дөрөвдүгээр сард Конгрессын сонсголд оролцох үеэрээ уур амьсгалын талаарх ташаа мэдээлэл нь “томоохон асуудал” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө нь тус компани ийм төрлийн мэдээлэл нь олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээлэлд "маш бага" хувийг эзэлдэг хэмээн мэдэгддэг байсан ч тодорхой тоон үзүүлэлтийг танилцуулдаггүй байжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх буруу ташаа мэдээллийг судалдаг шинжээчдийн мэдээлснээр, “Facebook” нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл маш хурдан түгдэг байна. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сард “InfluenceMap” ажиглалтын байгууллага “Facebook”-ийн холбогдох шалгуурт өртөлгүйгээр цацагдсан, уур амьсгалын өөрчлөлтийг үл ойшоосон олон арван сурталчилгааг найман сая гаруй удаа үзсэн байсныг олж тогтоожээ.


Тийнхүү 2021 оны гуравдугаар сард “Union of Concerned Scientists”, “Greenpeace” тэргүүтэй байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллага М.Цукербергт захидал илгээжээ. Үүнд, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийг төөрөлдүүлэх утга агуулга бүхий мэдээллийг хянаж, энэ асуудлын талаар илүү ил тод, дэлгэрэнгүй мэдээллээр хангахыг “Facebook”-ийн тэргүүнд уриалсан байна. 

Холбоотой мэдээ