Хөгжим бүжгийн сургууль 33 жилийн дараа хөгжмийн зэмсгүүдээ шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-17 15:04:21

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж төслийн шугамаар хөгжим техник хэрэгсэлтэй болжээ.

-Х.Билэгжаргалын нэрэмжит Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан соёл урлагийг дэмжих төслийн уралдаанд амжилттай оролцлоо. 2021 онд зарласан энэ уралдаанд оюутан, суралцагчдыг хөгжүүлэх “Сурагч хөгжлийн төв” нэртэй төсөл шалгарч Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөгжмийн зэмсгүүдийг хүлээн аваад байгаа. Эхний ээлжинд 29 нэр төрлийн 140 ширхэг үндэсний хөгжмийн зэмсэг хүлээн авлаа. Харин ирэх 11-р сард төгөлдөр хуур, даралтат хөгжмийн зэмсгүүдийг хүлээн авах юм. Манай сургууль 1988 онд байгуулагдаад түүнээс хойш нэг ч удаа хөгжмийн зэмсгийн иж бүрэн шинэчлэлт хийгээгүй. Төслийн хүрээнд 33 жилийн дараа хөгжмийн зэмсгээ иж бүрнээр нь шинэчилж байна.

Өнөөдрийн байдлаар манай сургуульд 160 гаруй оюутан суралцагчтай хичээллэж байна. Гэхдээ сургуулийн элсэлт бүрэн дуусаагүй байна. Энэ жил сургуулиасаа өөрсдийн нөөц боломжийг ашиглаад стандартын шаардлага хангасан дуу намсгагч, цуурай шингээгч хавтангуудаар бүх мэргэжлийн ангиудыг тохижуулж тоноглоод буй юм.

Харин “Сурагч хөгжлийн төв” төслийн хүрээнд Улиастай хот, Архангай, Говь-Алтай аймагт оюутан суралцагчдын тайлан концерт, ОХУ-ын Улаан-Үд хотод хамтарсан тоглолтуудыг зохион байгуулах юм. Энэ төсөл 2022 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжинэ гэж СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн захирал Р.Эрдэнэлхагва мэдээлэв.


 

Холбоотой мэдээ