Турк улс зургаан жилийн дараа Газын зурвас руу тусламж илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-04 11:02:50

АШДОД. /Anadolu/. Газын зурвасын оршин суугчдад хүргэх 11 мянган тонн тусламжийн барааг ачсан Туркийн хөлөг онгоц Израилийн Ашдод боомт хотод өчигдөр иржээ.

Уг хөлөг онгоц Газын зурвасын хүүүхдүүдэд зориулсан 10 мянган ширхэг тоглоом болон 10 мянган уут хоол хүнс тээвэрлэж яваа юм.

Турк болон Израиль улс зургаан жилийн таагүй харилцаандаа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт цэг тавин эвлэрлийн гэрээ байгуулснаар тусламжийн хөлөг онгоц баасан гарагт  хөдөлсөн юм.

2010 онд Газын зурвас руу тусламжийн бараа тээвэрлэн олон улсын усанд явж байсан “Mavi Marmara” хөлөг онгоц руу Израилийн цэргүүд дайран Туркийн тусламжийн байгууллагын 10 ажилтныг хөнөөсний улмаас Турк  улс Израилиас дипломат харилцаагаа тасалсан юм.

Уг халдлагын дараа албан ёсоор уучлалт гуйж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож, Газын зурваст нэвтрэхийг хориглосон шийдвэрээ цуцлахыг Турк улс Израилиас шаардсаар ирсэн билээ.

Ийм халдлага болсонд харамсч байгаагаа 2013 онд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху илэрхийлж байжээ.

Хоёр улс хооронд хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээ үр дүнгээ өгч, Израильтай харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурсан тухай Туркийн тал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэн юм.

Уг гэрээний хүрээнд Турк улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бол Израилийн тал “Mavi Marmara”-гийн хохирогчдын ар гэрийнхэнд 20 сая долларын нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ