Дорнод аймгийн 11 суманд үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээд байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-14 17:29:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 11 суманд үхрийн арьс товруутах өвчин гараад байгаа юм. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаагаас тодрууллаа. 


-Үхрийн арьс товруутах өвчний талаар мэдээлэл өгнө үү? Манай улсын хувьд энэ шинэ өвчин үү?

-Энэ өвчин бол хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин. Өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр бол ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.

-Манай аймагт хэзээ анх бүртгэгдэв?

-Наймдугаар сарын 21-нд анх Чулуунхороот суманд үхрийн арьс товруутах өвчний тохиолдол батлагдсан. Өнөөдрийн байдлаар 11 сумын 126 багийн 170 өрхийн 879 үхэр өвчлөөд байна. Энэ өвчинтэй тэмцэх Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын баталсан заавар байдаг. Ер нь бол өвчтэй үхрийг ялгаж тусгаарлаж устгахаас өөр замгүй. Зарим малчин өвчний хор хохирлыг ойлгоод, хадлан тэжээлийн ид ажлын үеэр хорио цээрийн дэглэмээс хурдан гарахын тулд өвчтэй үхрүүдээ сайн дураараа устгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 59 толгой үхрийг устгаж, 4 толгой үхэр хорогдсон. 

-Мянга орчим үхэр өвчилсөн байхад устгал хийсэн тоо толгой харьцангуй бага байгаа юм байна шүү дээ?

-Ерөнхий газраас ирүүлсэн чиглэл зааврын дагуу аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэлийг тогтмол өгч байгаа. Устгалын нөхөн төлбөрийн асуудал шийдэгдээгүй учир зарим малчин малаа устгуулахгүй байна. Угтаа бол Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар устгалын нөхөн төлбөрийг улсын төсвөөс гаргах ёстой. Энэ талаар бид холбогдох дээд газруудад албан тоот хүргүүлээд хариу хүлээж байна. Гэхдээ шийдвэрийг хүлээгээд зүгээр сууж болохгүй шүү дээ. Үхрийн арьс товруутах өвчин болон цаг үеийн асуудлын талаар ажлын хэсгүүд сумдад ажиллаад ирсэн. 

-Өвчлөл анх гарсан Чулуунхороот суманд нөхцөл байдал, өвчний тархалт ямар байна вэ?

-Чулуунхороот сумынхан малын шилжилт хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн малчид, мал бүхий иргэдийн зарим нь халдварт өвчин биш. Ялаа шумууланд хазуулснаас арьс нь товруутаж байгаа учир малдаа "цагаан" тариа хийх, угаалганд оруулах зэргээр эмчилж эдгээж болно гэсэн ор үндэсгүй зүйлийг ярьж, бусдыгаа төөрөгдөлд оруулж байна. Чулуунхороот суманд өвчлөл бүртгэгдсэнээс хойш хоёр ч удаа тусгай бүлэг томилогдож ажиллалаа. Энэ бол үхрийн гоц халдварт өвчин юм. Үхэрт антибиотик тарихаар үрэвсэж шархалсан газар мэдээж багасна. Арьсан дээр нь гарсан товруу хагарч, шүүс ялгарахаар ялаа батгана суух учраас үхрийг угаалганд оруулж, шимэгч өвчний угаалгыг хийж байгаа юм. Тэрнээс биш энэ эдгээж байгаа арга огт биш ээ. 

-Ямар замаар голлон тархаж байгаа юм бол? Арав гаруй хоногт ихэнх суманд халдварлана гэдэг бол тархалт их байгаагийн шинж байх.

-Малын гоц халдварт өвчний үед баримталдаг дүрэм журам гэж бий. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 266-р тогтоолоор батлагдсан журмын хүрээнд өвчин гарсан хот айл, бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй. Зөвхөн үхэрт халдварладаг, вирусний өвчин учраас өвчтэй хотноос вирусээр халдварлагдсан зүйлсээр буюу машины дугуйгаар зөөвөрлөгдөх эрсдэл маш өндөр. Хорио цээрийн дэглэмийг хангуулах, малын шилжилт хөдөлгөөн дээр тодорхой зохицуулалт хийж, амьд малын хөдөлгөөнийг аймгаас аймаг, аймгаас хот хооронд бүрэн хорьсон.

-Үхрийн арьс товруутах өвчний вакцин гэж бий юу?

-Энэ өвчний яг сонгомол вакциныг Англид үйлдвэрлэдэг. Гэхдээ нэг язгуурын вирусний вакцин учраас манай улс дотооддоо "Биокомбинат"-д үйлдвэрлэдэг хонины цэцгийн вакциныг туршилтаар тарьж эхлээд байна. Өвчний ил шинж тэмдэгтэй үхэрт вакцин хийхгүй гэдгийг онцгойлон анхааруулъя. Яагаад гэвэл үүсгэгч нь буюу товруунд байгаа шүүдэс нь -80 градуст 10 жил, +55 грдуст нэг цаг, +80 градуст 30 минут амьдрах чадвартай маш тэсвэртэй вирус. Үхрээс үхэрт, мөн ялаа шумуулаар халдах магадлал өндөр. Тиймээс нэгэнт өвчилсөн, шинж тэмдэгтэй үхрийг устгахаас өөр аргагүй. 

-Өвчилсөн малыг нядлах, хүнсэнд хэрэглэх боломжтой юу?

-Өвчилсөн малыг махыг зах зээлд нийлүүлэх гэсэн оролдлого ч гарсан шүү дээ. Хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй.

 -Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ