Орхон аймаг энэ жил бүтээн байгуулалтын 128 ажил төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-13 17:54:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар 2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын явцын талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас мэдээлэл хийлээ.

Энэ жил Орхон аймаг 128 ажилд 23.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Үүнээс Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд нэг, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 29, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8, аймгийн хөрөнгө оруулалтаар 89 ажил хийж байна. Үүнээс шинэ барилга 2, авто замын өргөтгөл, зогсоол, завсар, тохижилтын 59, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, камержуулалтын 14, тоглоомын талбай гурав, дээвэр засвар дөрөв, барилга засварын 12, зураг төсөл боловсруулах гурван ажил байна.

Эдгээр 128 ажлын 118-д нь гэрээ хийжээ. Гэвч гэрээгээ байгуулсан ч ажлаа эхлээгүй, төсөв санхүүгийн асуудлаас болж ажил нь зогссон хэд, хэдэн байгууллага байгаа гэнэ. Тодруулбал, Баянцагаан багийн инженерийн шугам сүлжээг барих гэрээ хийсэн  “Номун дөлгөөн” ХХК ажлаа эхлээгүй байна. Мөн Наран багийн Соёлын төвийн барилгыг барьж буй “Наяд констракшн” ХХК 80 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа зогсоожээ. Түүнчлэн Говил, Рашаант багт тус бүр 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажилд нэмэлт 4 тэрбум төгрөг шаардлагатай ч энэ онд хоёр тэрбум төгрөг нь батлагдсантай холбоотойгоор ажил нь зогссон байна.

Мөн Жаргалант суманд барьсан уурын зуухыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сайжруулсан шороон замын ашиглалт, засвар үйлчилгээг жилд нэгээс хоёр удаа хийхээр төсөвт тусгах зэрэг шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг танилцууллаа. 

Холбоотой мэдээ