“Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн төслийг танилцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Хурлаар “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн
байгууллагын ажилтан албан хаагчдын 90 хувь, хувийн хэвшлийн аж
ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг үндэсний бичгийн
анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахад чиглэх юм. Иймд дээрх хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах
болсонтой холбоотойгоор бүх нийтээр монгол бичигт шилжих бэлэн байдлыг судлах
зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас
“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г авсан
байна. Уг судалгаанд хамрагдсан Орхон аймгийн 4294
төрийн албан хаагчийн 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9
хувь нь сайн мэддэг, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан
байна.
Боловсролын
үнэлгээний төвөөс хийдэг чанарын
үнэлгээний дүнгээр монгол хэл, бичгийн хичээлээр бага анги 44,6 хувийн
үнэлгээтэй байгаа нь улсын дунджаас 7,2 хувиар илүү, дунд анги 51,2
хувь байгаа нь улсын дунджаас 7 хувиар илүү, ахлах ангид 40,3 байгаа нь
улсын дунджаас 9,3 хувиар бага байна.