Өндөрлөг газарт байрлах тариалангийн талбайг услах төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-13 12:38:53

Увс /МОНЦАМЭ/. Цахилгаан, шатахуун хэрэглэхгүйгээр ус соруулан дамжуулж талбай услах зориулалт бүхий "Барша помп" төхөөрөмж Увс аймагт дөрвөн ширхэг ирээд байна. Тус аймагт хэрэгжиж буй "Шинэ хөдөө" төслийн хүрээнд Монголд анх удаа оруулж ирсэн уг төхөөрөмжийг Тээлийн голд туршиж үзэхэд амжилттай ажиллажээ.

Энэ талаар Увс аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон дараах тодруулгыг өглөө.  

    “Увс аймгийн хэмжээнд газар тариалангийн ажил хэвийн явж байна. Манай тариаланчдад усалгаатай газар тариалан эрхлэх, усны найдвартай эх үүсвэртэй байх нь чухал болоод байгаа. Яагаад гэвэл усалгаагүй хэсэгт ургац гандсан, зуны халуун наранд түлэгдсэн, тариалалтын гарц буурах шинж ажиглагдсан. Иймээс усны найдвартай эх үүсвэр бий болгох шаардлага тулгарч, энэ талаар хөөцөлдөж ажилласнаар “Шинэ хөдөө” төслийн шугамаар “Барша помп” гэх төхөөрөмж шинээр ирлээ.

   Энэ төхөөрөмж нь гадаргууны усыг хөвөгч аппаратын дор шахаж, 1 км-ийн цаана байгаа өндөрлөг газарт хүргэх хүчин чадалтай бөгөөд цахилгаан, шатахуун хэрэглэхгүй. Үндсэндээ усны урсгалыг ашиглаад дамраараа эргэн даралтаа үүсгэж, шаланкаар ус шахаад гаргадаг төхөөрөмж байгаа юм. Голд суурилуулчихаар дамар нь өөрөө эргээд усаа шахаад байна. Ямар ч гар ажиллагаа орохгүй.

   Дагалдаад долоон ширхэг жижиг бороожуулагч услалтын системтэйгээ ирсэн. Түүнийг нь ажиллуулах юм бол нэг га газар чөлөөтэй усална. Нэг систем нь гэхэд 6 метрийн радиуст усалгаа хийх хүчин чадалтай юм билээ.

   Мөн энэ төхөөрөмжийг ашиглаад голын дэнж, өндөрлөг газарт байгаа айлууд бороожуулагч ашиглахгүйгээр усан сандаа ус нөөцлөөд, тэндээсээ крантаа нээгээд талбайгаа услах боломжтой. Ер нь бол гурван зориулалтаар ашиглана. Үнэ өртгийн хувьд 12-15 сая төгрөгт ирж байгаа. Тариаланчид их боломжийн төхөөрөмж байна гээд ам сайтай байна.

  “Шинэ хөдөө” төслийн хүрээнд одоогоор 12 хүлэмж бас ирсэн бөгөөд, нийтдээ 100 орчим хүлэмж ирнэ. Увс аймгийн ард иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болохуйц үр дүнтэй ажлуудыг энэ төслийн хүрээнд хийж байгаад баяртай байна” хэмээн тэрбээр хэллээ.     

 

Холбоотой мэдээ