Нийслэлийн ӨЭМТ- үүдэд 200 гаруй сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-13 10:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын хариу арга хэмжээний хүний нөөцийн хомстлыг арилгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар ЭМЯ, ЭМХТ, НЭМГ,  ХХЭМБНХ хамтран шуурхай хурал зохион байгууллаа.


Хурлаар Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцсан юм. Тэр дундаа хүний нөөцийн дутагдалд орсон өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлэг болон тусгай дугаарын 119 лавлах утсан дээр дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийг сайжруулж, ажиллах үүрэг даалгаврыг өгөхөөр боллоо. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн бэлтгэгдсэн сайн дурын ажилтнуудыг өрхөд дайчлагдахыг эрчимжүүлэх юм. Цаг алдахгүй сайн дурын ажилтнуудыг дайчилж, өрхийн эмнэлгийн эмч нарын эмчилгээ, хяналтад зарцуулах цагийг нэмэхээр болжээ. Энэ хичээлийн жилд эрчимт эмчилгээ судлал, яаралтай тусламж судлал, дотрын анагаах судлал, эмнэлзүйн эмгэг судлал чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтыг 2021.8.15-нд төгссөн эмч нарыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимжүүлнэ. 

Ингэснээр зарим эмнэлэгт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм. 2021 оны 10 дугаар сард эхлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн сургалтад хамрагдагчдаас НЭМГ харьяа эмнэлгүүдэд түр хугацаагаар дүйцүүлэн дайчлах ажлыг мөн зохион байгуулах шийдэлд хүрчээ. Хан-Уул дүүргийн ЭМТ- ийн харьяа 145 ортой эмнэлэг болон МҮИС-ийн харьяа 300 ортой ТАБ дээр хувийн хэвшлийн сайн дурын эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулах, цалинг үндсэн байгууллага, илүү цагийг ЭМЯ-наас олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо. Өмнөх хугацаанд ковидын хариу арга хэмжээнд оролцсон, дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчдад  урамшууллыг нөхөн олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг холбогдох хүмүүст үүрэг болгов. УОК-ээлжит хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Анагаахын ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын оюутнуудыг ковидын хариу арга хэмжээнд ажиллуулах талаар БСШУЯамтай зөвшилцөж ажиллуулах ажлыг зохион байгуулах юм. Энэ сарын 12-ны байдлаар НЭМГ харьяа өрхийн эрүүл мэндийн 156 төвд 225, тусгай дугаарын 119 утасны оператораар 21 резидент эмч дайчлагдан ажиллаж байна. Мөн   Монголын Өрхийн эмч нарын холбооны бэлдсэн 200 гаруй сайн дурын идэвхтэн нийслэлийн ӨЭМТ- үүдэд хариу арга хэмжээнд дэмжин ажиллаж байна.
Холбоотой мэдээ