Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-10 15:38:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.


Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1996 оны наймдугаар сарын 29-нд шийдвэрлэсэн юм.


Өнөөдрийн байдлаар 31 357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор 19 434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлжээ. Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном товхимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэхээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй обьектыг байгуулсан байна.

Холбоотой мэдээ