Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсад айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгч нар Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм.
Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс өнөөдөр угтлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн урилгаар ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга Паскал Мартин нар ирсэн байна. Мөн Сенатын гишүүн Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга Завье Вэрн нар багтаж байна.
Айлчлалын хугацаанд төлөөлөгч нар УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.