Жинст суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-09-08 17:14:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүйг албаныхан мэдээлэв.

Баянхонгор аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна. 

Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу одоогоос 61 жилийн өмнө болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учир хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоон мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсэдсэн гэдгийг зарим эрдэмтний судалгааны ажилд дурдагдсан байдаг.

Холбоотой мэдээ