Байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн 50 жилд тав дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-09-02 17:22:28

ЖЕНЕВ. /DW/. Цаг уурын эрс өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 1970-аад оноос хойш улам нэмэгдэх болсныг НҮБ-ын төрөлжсөн байгууллага лхагва гарагт анхаарууллаа.


Дэлхийн цаг уурын байгууллагын /ДЦУБ/ мэдээлснээр, хэдийгээр анхааруулах системүүдийг сайжруулсны ачаар хүний амь нас эрсдэх аюул багассан ч учрах хохирлын хэмжээ улам нэмэгдэх болжээ.


Энэхүү тайланд 1970-2019 онд эрс тэс уур амьсгал, цаг уурын үзэгдлээс үүдэн учирсан хохирол, амиа алдагсдын тоон үзүүлэлтийг танилцуулжээ. Тийнхүү тухайн хугацаанд 11 мянга орчим үзэгдэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд ийм гамшиг тав дахин нэмэгдсэн гэсэн үг бөгөөд үүнд уур амьсгалын өөрчлөлт голлох нөлөө үзүүлжээ.


Дунджаар авч үзвэл, өдөрт ойролцоогоор уур амьсгал юм уу цаг ууртай холбоотой нэг үзэгдэл тохиосон гэсэн үг ажээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг уур, уур амьсгал, үер усны үзэгдлийн тоо өсөж, давтамж нь нэмэгдэж, улам их хохирол учруулах болоод байна” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ.


Байгалийн гамшгийн улмаас олон арван мянган хүн амиа алдаж байна

Судалгааны хамарсан хугацаанд нийт хоёр сая гаруй хүн амиа алдсаны 91 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад бүртгэгдэж, ойролцоогоор 3.64 их наяд ам.долларын хохирол учирсан байна.


ДЦУБ-ын мэдээлснээр, 1970-2019 онд ган гачгийн улмаас хамгийн олон буюу 650 мянга орчим хүн амиа алджээ. Тодруулбал, Этиопт 1983 онд болсон ган хамгийн олон хүний амь насыг авч одсон үзэгдлээр нэрлэгдсэн бөгөөд 300 мянган хүн амиа алдсан байна.


Гэсэн хэдий ч улс орнууд байгалийн гамшигт үзэгдэлд урьдчилан бэлтгэх боломж илүү бүрдсэнтэй холбоотойгоор жилд амиа алдах хүний тоо буурч байна. Тухайлбал, 1970-аад оны үед жилд дунджаар 50 мянга орчим хүн гамшгийн улмаас амиа алдсан бол 2010-аад онд 18 мянгад хүрч буурчээ.


“Урьдчилан анхааруулах олон төрлийн системийг сайжруулснаар амиа алдагсдын тоог ийнхүү дорвитойгоор бууруулж байна” гэж П.Таалас ярьжээ.


Байгалийн гамшигт үзэгдлүүд жил тутам олон их наядын хохирол учруулж байна

Хэдийгээр байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо буурч байгаа ч түүнээс үүдэлтэй хохирлын хэмжээ огцом өссөөр байна. АНУ-д хүчтэй шуурганаас үүдэлтэй хохирлын хэмжээ 1970-аад оны үед 175 тэрбум ам.доллар байсан бол 2010-аад онд 1.3 их наяд гаруй ам.доллар болж өсжээ.


Тодруулбал, 2005 онд дэгдсэн “Катрина” хар салхи нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн их хохирол учруулсан үзэгдлээр нэрлэгджээ. Энэ нь 163.61 тэрбум ам.долларын уршиг дагуулсан байна. Мөн хамгийн их хохирол учруулсан 10 байгалийн гамшгийн эхний гуравт “Харви”, “Мариа”, “Ирма” хар салхи бичигдсэн бөгөөд тус бүр 97, 70, 60 тэрбум ам.долларын хохирол дагуулжээ.


П.Тааласын тайлбарласнаар, байгалийн гамшигт өртөх эрсдэл бүхий бүс дэх барилга байгууламжуудын тоо нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хохирол нэмэгдэхэд мөн нөлөөлж байна. Тийнхүү ДЦУБ-ын тайланд аюулаас урьдчилан анхааруулах системийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн ч энэ нь Африк, Латин Америк, Номхон далайн орнуудад дутагдалтай хэвээр байгааг сэрэмжлүүлжээ. 

Холбоотой мэдээ