Аадар, хур элбэг байсан нь таримлын болц оройтох шалтгаан болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-31 13:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6 дугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, хүйтэн сэрүүн, 6, 7 дугаар сард аадар, хур элбэг, шөнөдөө сэрүүн байсан нь таримлын өсөлтөд сөргөөр нөлөөлж, болц оройтох шалтгаан болсон гэжээ.


Мөн цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж, таримал ургамал өвчин, хортонд өртөн, хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.


Ургац тогтоох үеэр нийт хураах талбайн 30 хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед, 10 хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй тул хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний асуудалд онцгой анхаарч байгааг ХХААХҮЯ мэдээллээ.


Ургац хураалтад нийт 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварыг 80 гаруй хувьд нь хийжээ.


ОХУ-аас үр тариа хураах 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлж, Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр ногоон тэжээл бэлтгэх 60, төмсний 30, хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.


Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа. Элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад бэлэн болжээ. Түүнчлэн, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжихээр нийслэлийн ЗАА-тай хамтран 9 дүүргийн 24 байршилд төвлөрсөн цэг байгуулж, төмс, хүнсний ногоо борлуулах боломж олгож байгаа аж. 

Холбоотой мэдээ