Я.Эрдэнэсайхан:Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний танилцуулгаа ирүүлэхийг урьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэх санаачилга гараад буй. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас энэ чиглэлд ямар ажил зохион байгуулж байгаа талаар тодруулсныг ХХААХҮЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ.
-Гадаадын зочид,
төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг багц болгон
бэлэглэх санаачилгад яам ямар бодлого чиглэлтэй ажиллаж байна вэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ
талаар ярилцсан байсан. Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамд гадны
зочид, төлөөлөгчдөд зориулж
бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол Улсыг төлөөлж өгч буй бэлэг учир дотооддоо үйлдвэрлэсэн, үндэсний онцлог дүр төрхийг илэрхийлж, чанар стандартын шаардлага
хангасан байвал зүгээр гэж ярилцсан.
Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн
хэрэгслээр үйлдвэрлэгчдэд хандаж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийхээ
дээж, танилцуулгаа ирүүлэхийг
урихад 22 үйлдвэрлэгчээс
бүтээгдэхүүний үнэ, санал ирсэн. Тоо ширхэг, бүтээгдэхүүний чанар, бэлэг болгон өгөх шаардлагыг төдийлөн
сайн хангахгүй байгаа. ГХЯ-ныхан бас ажлын хэсэг байгуулаад ДТГ, ЭСЯ-даас саналыг нь авч, судалж байгаа юм билээ. Одоохондоо шийдэгдээгүй байна.
-Энэ санаачилгыг ажил
хэрэг болгож, хэрэгжүүлэх нь аль аль талдаа үр ашигтай байх болов уу?
Ер нь нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргах нь үндэсний
үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн, цаашлаад Монголоо сурталчлах давуу талтай. Гадаад орны туршлагыг судалсан. Жишээлбэл, Солонгосын парламентын гишүүн нь тухайн сонгогдсон
тойргийнхоо бүтээгдэхүүнийг гадны зочид төлөөлөгчдөд өгдөг. Энэ нь улсаа
сурталчлахаас гадна тойргоо сурталчилж байгаа юм. Солонгос, Япон улсад гадны
гэхгүй дотоодынхоо төлөөлөгчдөд ч УИХ-ын
гишүүний хувиар бэлэг өгдөг юм байна.
-Бэлгийн багцад
оруулах бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих вэ. Нэгдсэн стандарт байх уу?
Яг тогтсон стандарт байхгүй.
Нэг жишээ дурдахад, Вьетнамын төлөөлөгчид арьсан түрийвч, бээлий, цүнх гээд
арьсан бүтээгдэхүүн, солонгос, япончууд архи илүү сонирхдог. Харин Европ, Канадууд ноолууран бүтээгдэхүүн
сонирхдог гээд улс орны онцлог өөр учир бүгдэд нь ижилхэн бэлэг өгч болохгүй. Иймд тухайн оронд сууж буй Монголын төлөөллийн байгууллагаас санал авах хэрэгтэй. Мөн нэг жилд хэдий хэмжээний тоо
ширхгийг ямар төсвөөр хийдгийг мэдсэнээр
үнэдээ тааруулан бэлгийн багц гаргана.
-Саналаа ирүүлсэн
компаниуд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?
Ноос, ноолуур, арьсан эдлэл, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн
байгаа учир нийлүүлээд
“бэлгийн багц” гаргах боломжтой. Одоохондоо багц бүрдээгүй байна. Иймээс аж ахуйн нэгжүүдээс дахин
санал авна. Өмнө ирсэн болон
шинээр ирэх бүтээгдэхүүнээ нийлүүлээд
сонгон шалгаруулъя гэж
төлөвлөсөн. ЖДҮГ-аас үндэсний
үйлдвэрлэлийн борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Тиймээс үндэсний үйлдвэрлэгч
аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг
урья. Сонирхсон жижиг, дунд
үйлдвэр эрхлэгчид turbold@sme.gov.mn мэйл хаяг руу байгууллага болон
бүтээгдэхүүний товч танилцуулгыг үнийн саналын хамт 10 дугаар сарын нэгнээс өмнө ирүүлэх
боломжтой.