“Байна уу? Байна” нөлөөллийн аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-27 16:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байна уу? Байна” аяныг зохион байгуулж эхэллээ.


Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ирэх сарын 23-ныг хүртэл үргэлжлэх аяны хүрээнд, халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох, урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд зорьж ажиллах юм.


Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12 388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32.4 хувь нь зөрчлийн шинжтэй байжээ. Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна.


Иймд дээрх “Байна уу? Байна” аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, гар утсан дээрх дата мэдээллийг хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг зохиох юм.


Холбоотой мэдээ