Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-27 07:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул энэ амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ.


Тодруулбал, энэ сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах юм. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.  

Мөн наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагт автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуула болсон юм. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Холбоотой мэдээ