Архигүй амьдралыг цогцлоох аян идэвхтэй өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-19 12:02:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Архигүй амьдралыг цогцлооё” уриа дор 10 дугаар сарын 10 хүртэл аяны туг аялуулж байна.

-Үндэсний хэмжээнд “Архигүй амьдралыг цогцлооё” уриа дор хоёр сарын хугацаатай аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяныг аймгийн Засаг даргын Тамгын газраас эхлүүллээ. Аяны тугийг албан байгууллага бүр дээр долоо хоногийн хугацаатай аялуулах юм. Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийг идэвхтэй оролцож архигүй аймаг болохын төлөө хамтдаа ажиллахыг уриалж байна. Үндэсний хэмжээнд зарласан энэхүү аяны хүрээнд архи, согтууруулах ундааны эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх. Олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сурталчилгааны материалыг олон нийтийн сүлжээгээр түгээх, идэвхжүүлэх, хэвлэмэл байдлаар түгээх. Орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажилчдад зориулан сургалт зохион байгуулах. Архи, согтууруулах ундааг зарж борлуулах цагийг богиносгох ажлыг зохион байгуулах. Насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн архи, согтууруулах ундаа, түүний хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх. Баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт өдрийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах. Нийслэл, орон нутгийн “Архигүй аймаг, дүүрэг” тодруулах. Архины хамааралтай иргэдийг архинаас гаргах тусламж үйлчилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Өсвөр насны хүүхдүүдэд архины хор уршгийн талаарх сурталчилгааг илүү хүргэнэ

Завханы Эрүүл мэндийн газраас архигүй амьдралыг цогцлооё уриа дор архины хамааралтай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх сурталчилгаа мэдээллийн ажлыг эхлүүлээд байна.

Тухайлбал цахим хуудсаараа дамжуулан насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн архи, согтууруулах ундаа, түүний хор уршгийн талаар таниулах, мэдээлэл сурталчилгааг идэвхтэй явуулж байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүн архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 30 дахин их байдаг. Мөн Монгол Улсын хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд  Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйлийг тусгасан байна. Тухайлбал 7.2.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах.  16 дугаар зүйлд гэхэд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг 16.2-д зааснаар энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан байдаг. Тиймээс энэ талаарх мэдлэг мэдээллийг ялангуяа өсвөр насныханд өгөх нь илүү ач холбогдолтой юм гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.



Холбоотой мэдээ