“Талибан” гурван мужийн нийслэлийг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-09 17:37:22

КАБУЛ. /France24/. “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистанд нутаг дэвсгэрийн хүрээгээ үргэлжлүүлэн тэлж, гурван мужийн нийслэл хотыг эзэлжээ.


Тодруулбал, тэд ням гарагт хойд нутгийн томоохон хот болох Кундузаас гадна Сари-Пуль, Талокан хотыг хяналтдаа оруулсан байна.


Ингэснээр өнгөрсөн баасан гаргаас хойш босогчид мужийн таван нийслэлийг эзлээд байгаа бөгөөд тэдний хувьд энэ онд хяналтдаа оруулсан хамгийн ач холбогдолтой хот нь Кундуз болж байна.


Мөн “Талибан” Засгийн газартай гал зогсоох хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгджээ. Уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт “Al Jazeera” телевизэд, Афганистаны хэрэгт хөндлөнгөөс дахиж оролцохгүй байхыг АНУ-д анхааруулсан байна.


Афганистанд 20 жил цэргийн ажиллагаа явуулсан АНУ тэргүүтэй бусад олон улсын хүчин тус улсаас цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш орон даяар нөхцөл байдал хүндрээд байгаа юм.


“Талибан” ням гарагт хойд нутгийн гурван хотыг булаан авсныг Кундуз хотын нэгэн оршин суугч “жинхэнэ эмх замбараагүй байдал” хэмээн тодорхойлсон байна. 


Харин Афганистаны Засгийн газрын зүгээс, цэргүүд томоохон хотуудаа эргүүлэн авахын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байгааг мэдэгджээ.


Үүнээс гадна баруун нутгийн Херат, өмнөд нутгийн Кандахар, Лашкар Гах хотод ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Холбоотой мэдээ