Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, арга хэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-05 09:44:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын замд уулын ус түрэн орж, Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ.


Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийсэн ч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас усны голдирол өөрчлөгдөн, зам руу  хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмжээ. Иймээс үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулжээ. Одоогоор үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулж байна.


Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа.


ГУББГ-ын орлогч З.Бямбажав “Улаанбаатар хотын хэмжээнд манай газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий. Энэ удаагийн Яармагийн замд үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэх шаардлагатайг  харууллаа” гэсэн бол Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Үер усны далан, шуудууг шинээр хийхийг ЗАА-тай хамтран хийхээр төлөвлөж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцоо гаргаж ажиллана” хэмээжээ.


Мөн аж ахуй нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй, барилгын ажил эхлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулах шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

Холбоотой мэдээ