Сангийн яам 6 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-02 18:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам хуульд заасан тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог боллоо. Одоогийн байдлаар тус яам болон түүний харьяа байгууллага нийт 12 тусгай зөвшөөрөл, нэг эрх, 3 зөвшөөрөл олгож байна. Сангийн яамнаас дараах 6 төрлийн тусгай зөвшөөрөл, нэг эрхийг цахимаар олгож байна. Үүнд:

  • Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл,
  • Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл,
  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл,
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог.


Мөн Гаалийн ерөнхий газраас дараах зургаан тусгай зөвшөөрөл, гурван зөвшөөрөл олгодог. Үүнд:

  • Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,


  • Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Гаалийн хяналтын бүс тогтоох,
  • Түр агуулахын  зөвшөөрөл олгох,
  • Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.

Дээрх зөвшөөрлүүдийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудаас олгож ирсэн. Уг хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатай олгож, мөн 3 жил тутам дахин баримт бичиг бүрдүүлж, хугацааг нь сунгуулдаг. Цаашид Сангийн яам болон харьяа байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүд зөвхөн цахим хэлбэрээр олгодог болж байна. 

Иргэн, ААН-үүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хэрэгцээт тусгай зөвшөөрлийн хүсэлтээ https://license.mof.gov.mn цахим хуудсанд илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээдэг болж байна.

 




Холбоотой мэдээ