Орхон гол үерийн түвшнийг 20 см даван үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-02 16:06:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын 02-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаар урсан өнгөрөх Орхон гол өмнөх өдрөөс 22 см-ээр нэмэгдэн үерийн түвшнийг 20 см даван үерлэсэн байгаа аж. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг хавиар явуулахгүй байх. Мөн аялал зугаалгаар яваа аялагчид гол мөрөн лүү орохгүй байх. Түүнчлэн ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

2021 оны 8 дугаар сарын 1-ний 20 цагаас 8 дугаар сарын 2-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2021 оны 8 дугаар сарын 3-7-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын 3, 7-нд бүх сумдын нутгаар, 6-нд баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ