Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийг яаралтай дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 15:31:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахаар хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтээ эрчимжүүлэхийг дүүргүүдийн удирдлага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад даалгав. 


Мөн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлаа тогтмол зохион байгуулж, хянахыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг өглөө.


Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Засаг дарга Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгсний хэрэгжилт нь 89.8 хувьтай байна. Тухайлбал, 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэж, 229 удаагийн зөөлтөөр 3430 шоо метр лаг хагшаасыг зөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ. 


Цар тахлын нөхцөл байдлыг хянах, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр 1749 байгууллагатай “хариуцлагын гэрээ” байгуулсан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. 


Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнд нийт 1047 метр кабель утсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг 99.04 хувийн асалттай байна.

Холбоотой мэдээ