ДЭМБ-ын тэргүүн Японд айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-20 15:14:58

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Токиогийн Олимпын үеэр Японд айлчлахаар төлөвлөж байна гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ.


Т.Гебрейесус Японд айлчилбал Олимп, Паралимпын үеэр хэрэгжүүлэх коронавирусний эсрэг арга хэмжээнүүдийн талаар Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй хэлэлцэнэ гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна.


Тэдний мэдээлснээр, энэхүү уулзалт энэ долоо хоногийн пүрэвээс бямба гаргийн хооронд болж магадгүй байна. Мөн Засгийн газар Т.Гебрейесус, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нарыг Олимп эхлэх үеэр яриа хэлэлцээ өрнүүлэх боломжийг судалж байгаа ажээ.


ДЭМБ нь Токиогийн Олимпын наадмын зохион байгуулагчдад халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар зөвлөгөө өгсөөр ирсэн юм.


Т.Гебрейесус Японд хамгийн сүүлд 2019 оны зургаадугаар сард Осака хотноо “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор айлчилж байжээ. 

Холбоотой мэдээ