Б.Даш-Ёндон: Бүх салбарт ажиллаж буй хүмүүс ард түмнийхээ багш нь байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-10 15:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр зарим хүнд төрийн дээд цол, одон медаль хүртээсэн юм. Төрийн дээд цол хүртсэн хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна. 


Р.Цэрэндорж: Манай сум Хөдөлмөрийн 5 баатартай,

би 6 дахь нь болж буйдаа баярлаж байна


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, малчин Р.Цэрэндорж сэтгэгдлээ хэлэхдээ, "Үр хүүхдүүддээ, Монголын нийт ард түмэн, бурханы тэнгэрээс харж буй аав, ээж хоёртоо их баярлаж байна. Би ер нь мэдээ орох цагаасаа мал маллаж өд болтол явж байна. Малчин хүний хамгийн сайхан үе нь төлөө хүлээн авчихаад, мал төлөө даган, хаврын булаг шанд нь дэлгэрээд, яргуй цэцэглээд ирдэг тэр цагт л малчин хүний аз жаргалыг мэдэрдэг. 

Манай сум Хөдөлмөрийн 5 баатартай, би 6 дахь нь болж буйдаа баярлаж байна. Аливаа хүн ажилч байж хичээгээд өөрөө зорих юм бол хүрэхгүй зүйл үгүй байдаг. Малчдад хандан хэлэхэд одоо малын тоо толгойд бус, өндөр ашиг шимтэй цөөн тооны таваарлаг малтай байх нь чухал байна" гэв. 






Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, "Энэ олон сайхан ойн жилүүд, Монголын ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан 100 жилийн босгон дээр төр, засаг, олон түмнээсээ алдар хүнд хүртэж буйд их баяртай байна. Яг 100 жилийн өмнө энэ талбай дээр Их жанжин Д.Сүхбаатар ард түмэндээ хандан үндэсний соёл урлагаа хөгжүүлэх нь бидний монголчуудын үүрэг хэмээн сайхан үг хэлж байсан түүхтэй. 

Энэ утга ёсоор Монголын соёл урлаг өнгөрсөн 100 жил жинхэнэ утгаараа хөгжиж ирлээ. Сонгодог урлаг, ардын урлаг, уламжлалт урлаг, тэр дундаа Монголын рок, попын урлаг 50 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр намайг Ардын жүжигчин цолоор шагнасан явдал нь Монголын рок, попын хөгжмийн урлагийг төрийн хэмжээнд бас нэг дахин үнэлж буйн нэг нотолгоо гэж үзэж, баярлаж байна" гэв. 


Б.Буянаа: Би 15 мянган эх, хүүхдийг эх барьж авсан




Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ЭХЭМҮТ-ийн эх баригч эмч Б.Буянаа, "Би байгууллагдаа 32 жил тасралтгүй ажиллаж байна. 2015 онд Монгол Улсынхаа 3 саятан иргэнийг эх барьж авсан түүхэн үйл явдалд ороцож байсандаа маш азтай, миний амьдралд их дурсгалтай байдаг. Яг эх барьж байхдаа энэ талаар мэдээгүй. Дараахан нь мэдээлэл ирж батламж гардан авч байлаа. Монголынхоо эх, үрсийн төлөө, эрүүл байхын төлөө зүтгэж буйдаа их дуртай, маш их баярлаж явдаг. Би өнгөрсөн хугацаанд 15 мянган эх, хүүхдийг эх барьж авсан" гэсэн юм. 


Б.Даш-Ёндон: Шавь нар маань хамгийн гол нь сайн хүн болох ёстой


Ардын багш Б.Даш-Ёндон, "Багш гэдэг хүн их үнэ цэнтэй, Монголын ард түмэн, Монголын төр багш хүнийг дээдэлж, хүндэлж байдаг, Ардын багш, Гавьяат багш гэсэн төрийн дээд цол, зэргийг бий болгож шагнаж урамшуулдаг. Тэрний нэгэнд орж цол хүртсэнд баяртай байна. Ер нь боловсрол, шинжлэх ухааны төдийгүй бүх салбарт ажиллаж буй хүмүүс нэг ёсондоо ард түмнийхээ багш нь байдаг. Сэтгүүлч, сурвалжилагч та бүхэн ч тэр олон түмний нэг ёсны багш нь юм. Шавь нартаа хандан хэлэхэд юуны өмнө эрүүл энх, эрдэм номондоо сайн, хамгийн гол нь сайн хүн болох ёстой. Үүнийг багш хүн бүр хэлж захидаг, тэгэх ч учир ёстой юм" гэсэн юм. 




Дээрх эрхэм хүндэттэй хүмүүст шагнал, цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Эрхэт төрийн тэгш түүхэн ойнууд тохиосон энэхүү баярт мөчид төрийн дээд шагнал, одон медаль хүртэж, түмэн олны хүндэтгэл, талархлыг хүлээн авч байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань улам их өндөр амжилт хүсэн ерөөе" гээд "Төрт ёс, дэг журмыг дагаж, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр төрийн хүндэтгэл, шагналыг салбар салбартаа амжилт бүтээл гаргасан алдартан гавьяатнуудад олгож байна. Монгол төр өндөр эрхэмсэг орших ёстой. Үүний тулд төрийн босго өндөр, үнэлэмж дээгүүр байх учиртай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэсэн юм. 


Холбоотой мэдээ