“Нэг өрх – Нэг шинжилгээ”-гээр коронавирусний 820 тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-09 15:36:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын эмч, ажилчдын санал хүсэлтийг сонсон "Нэг өрх - Нэг шинжилгээ"-ний хэрэгжилттэй танилцлаа. 

Короновируст халдварын хоёр дахь давлагаа Баянхонгор аймагт орж ирснээр халдварын тархалт эрчимтэй ихэсч, эмнэлэг, эмнэлгийн ажилтан, ор хоногийн ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Баянхонгор сумын хэмжээнд тархалтын нөхцөл байдлыг тодорхойлох, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор “Нэг өрх – Нэг шинжилгээ”-г авч хэрэгжүүлж ажиллалаа.

Ийнхүү нийт 6925 айл өрхөөс шинжилгээ авч, коронавирусний 820 тохиолдлыг илрүүлсэн байна. Өвчилсөн тохиолдлуудыг эрт илрүүлснээрээ тухайн өвчтөн, түүний гэр бүлд хариу арга хэмжээг шуурхай авчээ.

Халдварыг эрт илрүүлснээрээ далд хэлбэрт байж байгаад гэнэт хүндэрч болох эрсдэлийг бууруулж байгааг албаныхан онцлов.

Оношлуур, шинжилгээний урвалж, сорьц, халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, унааны түрээс, шинжилгээ авахаар ажилласан лаборант,  сайн дурын оюутан залуусын урамшуулал зэрэг нийт 160 сая төгрөгийг "Нэг өрх - Нэг шинжилгээ"-нд зарцуулжээ.






Энэ хүрээнд Баянхонгор сумын 8615 айл өрхөөс 6925 өрх шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээнд  хамгийн өндөр буюу  97.4 хувьтайгаар Дуурсах гуравдугаар багийн иргэд, хамгийн бага  буюу 43.2 хувьтайгаар Есөнбулаг есдүгээр багийн иргэд хамрагдсан байна.

Нэг өрхөөс нэг шинжилгээ авахдаа түргэвчилсэн тест 3131, ПГУ 3794 удаа хийж 820 тохиолдол эерэг гэж батлагджээ. Батлагдсан тохиолдлыг тухай бүрд нь хариу арга хэмжээг авч ажилласан байна.

Урин дулаан, амралтын цаг эхэлсэнтэй холбогдуулан айл өрх гэртээ байхгүй, хөдөө гадаа явсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж үлдсэн 19 хувь нь шинжилгээнд хамрагдаагүй байна.  

"Манай эрүүл мэндийн албад /ЭМГ, НЭ, Өрхийн эмнэлэг/   цаашдын нөхцөл байдлын төлөвөө даруй тодорхойлж, түүндээ уялдуулан харилцан нягт холбоотойгоор төлөвлөгөө боловсруулж,  төлөвлөгөөний хүрээнд аливаа хариу  арга хэмжээгээ зохион байгуулж явах нь  оновчтой юм.  Дахин нэг давалгаа, идэвхжил гарч ирлээ гэхэд  урьдчилсан бэлтгэлээ сайтар хангасан, зохион байгуулалт сайтай  оролцоод явчихна.  Аймгийн зүгээс  хамгийн эхэнд эрүүл мэндийг тавьж  улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын илүү цаг, цалин урамшууллыг цаг тухай бүрд нь олгох, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр нь хангах зэргээр бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлж байна" гэдгээ мөн үеэр аймгийн Засаг дарга онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ