С.Цэвээндорж:Импортын чингэлэг тээврийн хуримтлал нь цар тахлаас үүдсэн түр зуурын хүндрэл

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-30 21:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндоржтой ярилцлаа.


-Дэлхий даяар дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотой улс орнуудын царцсан эдийн засаг сэргэж, хөдөлгөөнд орж эхэллээ. БНХАУ-ын Тяньжин боомтод үүсээд буй асуудал ч энэ бүхний илрэл гэж эдийн засагчид, мэргэжлийн холбоо нь тайлбарласан. Тээврийн салбарт яг энэ чиглэлийг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд илүү бодитой мэдээлэл өгнө үү. Юунаас болж дээрх нөхцөл байдал үүсээд өнөөдөр ямар түвшинд хүрээд байна вэ?


-Дэлхий нийтэд ковид-19 цар тахал тархсантай холбогдуулан бүх улс орны бараа нийлүүлэлт татан авалт зогсонги байдалд орсон. 2021 он гарсаар олон улсын хэмжээнд вакцинжуулалтыг эрчимтэй хийж, царцсан байсан эдийн засаг сэргэж, хөдөлгөөнд орж эхэллээ. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд нь хоёрдогч, гуравдагч орноос бараа таваар худалдан авах, татах ажил багагүй хийж буй нь манай улсын хувьд эдийн засаг сэргэж байгаагийн нэгэн илрэл гэхэд болно. Монгол Улс руу чиглэсэн импортын бараа нийлүүлэлтийн 70-80 хувь нь далайн тээврээр буюу БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин орж ирдэг.


Тус боомтоос Монгол руу чиглэсэн ачаа барааг нэг галт тэрэг болгон найруулж явуулдаг. Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэл дунджаар 8-10 шат дамжлага /ялгалт, гааль, хорио цээрийн байгууллага, галт тэрэгний хатуу хуваарийг хүлээх гэх мэт/-ыг дамжин 15-30 хоногт ирдэг юм. Сүүлийн үед чингэлэг тээврийн гол саатаж буй шалтгаан нь ачаа барааны татан авалт огцом нэмэгдсэнээс шалтгаалж Тяньжин боомтоос Монгол руу чиглэсэн импортын чингэлгийн хуримтлал нэлээд бий болсон. Зургадугаар сарын эхээр гэхэд хуримтлагдсан чингэлгийн тоо 3062 хүрсэн гэдгийг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос ЗТХЯ-нд гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар, Тяньжин боомтоос Монгол руу чиглэсэн нэг галт тэрэг явдаг байсныг хоёр болгосноор зургадугаар сарын 9-28-ны хооронд 3062 чингэлгээс 1901 нь тээвэрлэн оруулж ирээд байна.


-Тяньжин боомтоос Эрээн рүү өдөрт нэг чингэлгийн галт тэрэг гардаг байсныг хоёр болгож нэмсэн гэж байна. Ер нь, БНХАУ-ын талаас цаашид манай руу чиглэсэн импортын чингэлгийн хуримтлалыг багасгахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?


-Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Тяньжин боомтоос Монгол Улс руу чиглэсэн ачааны урсгал нэмэгдсэн. Мөн энэ тээврийг хэрхэн зохион байгуулах талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос манайд хандаж хүсэлт тавьсны дагуу холбоо болон бусад томоохон тээвэр зуучийн байгууллагуудыг оролцуулсан цахим хурлыг УБТЗ-аас зохион байгуулсан.

 

Монгол Улс руу ирэх импортын ачаанд УБТЗ нь ямар нэгэн хориг тавьдаггүй. Тэр дундаа цар тахлын хүнд үед ирж буй бүх ачааг саадгүй хүлээн авах талаар мэдэгдсэн. Энэ хуримтлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан УБТЗ, Зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран илүү үр дүнтэй байх талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Зуучийн холбоо болон тээвэр зуучийн байгууллагууд нь Тяньжин-Замын-Үүдийн чиглэлийн тээврийг хурдан шуурхай зохион байгуулахад Хятадын төмөр зам, зуучлагч байгууллагуудад хандаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах нь чухал. Үүний тулд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэгт миний бие багтаж, зургадугаар сарын 10-12-нд Замын-Үүд өртөөнд ажилласан. Ажлын хэсэг Эрээн хотын орлогч дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нарыг оролцуулан Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгүүд, мөн Эрээн өртөөнд хуримтлагдсан авто тээврийн ачааг хэрхэн шуурхай зохион байгуулж, татан авах талаар цахимаар хуралдан, нэг чингэлгийн галт тэрэг явж байсныг хоёр болгож нэмсэн. Уг хуримтлал нь цар тахлаас шалтгаалсан түр зуурын хүндрэл тул удахгүй хэвийн хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.




-Цаанаас ирэх ачаа урсгал нэмэгдэж буй нь УБТЗ-ын ачаа тээврийн хэвийн урсгалд нөлөөлөх нь ойлгомжтой. Ялангуяа, хилийн өртөөдийн галт тэрэг солилцоонд хүндрэл гарах болов уу гэж харагдаад байх юм. Хэдий БНХАУ-ын талд галт тэрэг солилцоог нэмэх санал тавиад байгаа ч техникийн хувьд энэ боломжтой зүйл үү?


-Дахиад хэлэхэд, БНХАУ-аас ирж буй импортын ачааг цар тахлын энэ хүнд үед ямар ч асуудалгүй авна. Харин Монгол-Хятадын хилийн хэлэлцээрээр баталсан тэгш чиглэлийн галт тэрэгний хэмжээ 14 галт тэрэг гэж зааснаас нэг нь экспортын чингэлгийн галт тэрэг. Хятад талаас хоногт импортын чингэлгийн хоёр галт тэрэг хүлээн аваад зөрүүлээд нэг хоосон экспортын галт тэрэг хүлээлгэн өгч байгаа нь хоосон чингэлгийн хуримтлал бий болгох нь ойлгомжтой. Гэсэн ч УБТЗ бүхий л нөөц бололцоогоо дайчлан хоосон чингэлгүүдийг буцаахын тулд өдөр бүр хатуу зурмагаар галт тэрэг буцаах ажлыг зохион байгуулдаг. Одоогоор айхтар хуримтлал үүссэн зүйлгүй. Хойшид зуучийн холбоо, зуучийн байгууллагууд чингэлгийн асуудлыг ЗТХ-ийн сайдын А/154 тоот тушаалын дагуу сарын өмнө захиалга өгч хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай боллоо. УБТЗ-аас Хятадын талд хүлээлгэн өгөх галт тэрэгний тоог 20 хүргэх саналыг удаа дараа хүргүүлж, хилийн хэлэлцээрт оруулсан ч одоогоор Эрээн өртөөний хүчин чадал хүрэхгүй гэсэн шалтгаанаар тодорхой үр дүн гараагүй л байна. Манай талаас техникийн хувьд бүрэн боломжтой.


-Импортын чингэлэг тээвэр нэмэгдсэн нь Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн шуурхай байдалд нөлөөлөх эрсдэл бий юу. УБТЗ олон улсын өмнө үүрэг хүлээж тодорхой хэмжээний ачаа урсгал өөртөө татдаг шүү дээ?


-Импортын чингэлгийн тээвэр жил бүрийн өдийд нэмэгддэг ч уг тээвэр транзит чингэлгийн тээвэрт нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ нь, богино хугацаанд үүссэн хүндрэл тул хэсэгхэн хугацааны дараа даван туулах нь ойлгомжтой. УБТЗ-ын хувьд хөрш хоёр төмөр замаас өгсөн бүх төрлийн ачааг саадгүй хүлээн авч тээвэрлэдэг. Дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хувьд төлөвлөгөөгөө хангалттай сайн биелүүлэн ажиллаж байгаагийн. Мөн олон улс орны тээвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Ази-Европ тивийг холбосон хуурай замаар ачаа барааг өөрийн хүчин чадалд тохируулан саадгүй тээвэрлэх үүргээ сайн биелүүлэн ажиллаж байгаа гэж хэлж болно.


-Эрээн-Улаанбаатар чиглэлийн авто тээврийн хөлс нэмэгдсэн нь импортлогчдыг хүссэн хүсээгүй төмөр замын тээврийг сонгоход хүргэх байх гэтэл байдал эсрэгээрээ. Яагаад чухам төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх сонирхол бага байна вэ. Уг нь, Замын-Үүдээр экспортод гарч буй вагонууд хоосон буцдаг биз дээ?


-Эрээн-Улаанбаатар чиглэлийн автомашины тээврийн хөлс ойролцоогоор 70000 юань болтол өссөн гэж дуулсан. Ер нь, автомашинаар тээвэрлэж буй ачааны гол нэр төрөл нь хүнс, нарийн ногоо, цахилгаан бараа гэх мэт ачиж, буулгахад хялбар хөнгөн даац багатай ачаа байх нь элбэг. Харин хүнд даацын арматур, ган хоолой, аюултай ачааг УБТЗ-аар тээвэрлэсээр байгаа. Хатуу хөл хорионы үед Замын-Үүд-Эрээн боомтоор автомашины тээврийг хязгаарласантай холбогдуулан УОК, ЗТХЯ-наас өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятадын төмөр замтай харилцан зөвшилцсөнөөр өргөн, нарийн царигаар хүнсний болон нэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Эрээн өртөөнд ачаанаас суларсан УБТЗ-ын эзэмшлийн хоосон вагонуудад болон Хятадын нарийн царигийн вагонуудад ачиж, тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөн царигаар 192 вагон, нарийн царигаар 752 вагон гээд нийт 944 вагон хүлээн авч тээвэрлэсэн байна. Хятадын төмөр замын Эрээн өртөө нь ачааны ажиллагаанд нээлттэй өртөө биш. Дээр нь, аюултай хортой, хүнд даацын ачаа барааг вагоноор ачих техник технологийн хувьд боломжгүй. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд зөвшөөрдөггүй зэрэг шалтгаанаас болж төмөр замын тээвэр рүү шилжих боломж нь хязгаартай байгаа харагддаг.


-Ер нь, УБТЗ импортын ачаа тээврийг ямар үнэ өртгөөр зохион байгуулдаг вэ?

-УБТЗ-ын хувьд вагон, чингэлэг гэлтгүй нэг тонн/км-т 11000-27000 төгрөгийн хооронд тээвэрлэдэг. Одоогийн зах зээлийн хувьд хамгийн бага тариф гэж бодож байна. УБТЗ-ын тээврийн тариф нь бүгдэд нээлттэй, сонирхож буй хүмүүс www.ubtz.mn сайтаар орж ачааны тээврийн тарифын тооцоолол цонхноос харах бүрэн боломжтой.


-УБТЗ БНХАУ-Европ чиглэлийн дамжин өнгөрөх чингэлэг тээврээ нэмэгдүүлэхийн тулд Тяньжин боомтоос гарах галт тэргийг авахгүй байгаа гэх буруу зөрүү ойлголт, хардлага УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийн дунд анзаарагдах боллоо. Та энэхүү зөрүүтэй ойлголтыг мухарлах үүднээс үнэн зөв мэдээлэл өгөхгүй юу?

-Иймэрхүү буруу ойлголт байж болохгүй ээ. Төмөр замууд жил бүр ачааны хэмжээ, галт тэрэгний тоог урьдчилан төлөвлөж, нарийн тохиролцон тээврийг зохион байгуулдаг. Хятадын төмөр замд хүлээлгэн өгч байгаа 14 галт тэрэгний 10 нь уул уурхайн нурмаг ачаа, хоёр нь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг. Нэг нь экспортын хоосон чингэлгийн галт тэрэг. Үлдсэн нь төрөл бүрийн ачаанаас бүрдсэн галт тэрэг байдаг. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд УБТЗ нь тээвэрт оролцож буй ЗТХЯ, ГХЯ,Зуучийн холбоо гээд бүх байгууллагатай хамтран ажилладаг.


-Цаг үеийн асуудлаар манай уншигчид тодорхой мэдээлэл авсан гэж найдаж байна. Нэгэнт тантай уулзсаных цар тахлын үед танай алба хэрхэн ажиллаж байгаа талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь. Ялангуяа, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар үйлддэг болсон нь сайшаалтай. Хүнтэй заавал ойр харилцахгүй байна гэдэг цар тахлын үед их оновчтой шийдэл болсон шиг санагдсан.


-Баярлалаа. УБТЗ дэлхий нийтэд тархаад байгаа "ковид-19" цар тахлын онцгой хүнд нөхцөлд төлөвлөгөөгөөр 15.064 сая.тонн ачаа тээвэрлэхээс 15.764 сая.тонн ачаа буюу 104.6 хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу. /энэ сарын 27-ны байдлаар/ Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем хангамжийг хоёр жилийн хугацаанд техникийн даалгаврыг боловсруулан програм хангамжийг Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албатай хамтран бичиж, 2019 оноос эхлэн үе шаттайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 2020 онд орон нутгийн тээврийн бичиг баримтыг 100 хувь цаасгүй технологид шилжүүлсэн. Мөн хөрш зэргэлдээ төмөр замуудтайгаа дамжин өнгөрөх болон импорт, экспортын олон улсын тээврийн бичиг баримтын бүх өгөгдлийг цахимаар авч солилцож байгаа хэдий ч цаасан байдлаар давхар явуулж л байгаа. Үүнийг 100 хувь цахим болгохын тулд бид Монгол Улсын гааль болон бусад төрийн байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллаж байгаа. Тун удахгүй цахимд бүрэн шилжинэ. Ачаа тээврийн үйл ажиллагааг цахим болгосноор ямар ч хүнд цаг үед ажлыг тасралтгүй жигд шуурхай явуулахад маш оновчтой сайн үйлчилгээ болсон гэж миний хувьд үздэг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгүүлч Б.Мөрөн

Холбоотой мэдээ