“Бизнес тоглоом” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ Mongolia/ төслийн менежер Ютта Рехаг, Бизнесийн инновац, технологи хариуцсан зөвлөх И.Мөнхбаяр нар цахимаар уулзлаа.
Тэд “Хувийн хэвшлийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” буюу GIZ PROGRES төслийн хүрээнд инновацын төвөөр дамжуулан жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх тухай ярилцав.
Мөн ХБНГУ-ын гарааны бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг
хэрхэн дэмжин ажилладаг талаар сайн туршлагыг судлах, хамтарсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр
хамтарч ажиллахаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар
болжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Германы хадгаламжийн банктай хамтран залуу бизнес эрхлэгч, тэр дундаа эмэгтэй энтрепренерүүдийг хамруулсан “Бизнес тоглоом” сэдэвт гурван өдрийн сургалт, хөтөлбөрийг Баянхошуу бизнес инкубатор дэд төвд зохион байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр Улаанбаатар инновацын төвд гарааны компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилгоор Медиа төв байгуулж, олон улсын цахим инновацын үзэсгэлэн зохион байгуулан, номын сангийн фондыг арвижуулж байсан юм.