Ж.Шагдарсүрэн: Цар тахлын үеийн хөл хорио нэг талдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-25 17:50:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулж, хөл хорио хэд хэдэн удаа тавигдсан нь баялаг бүтээгчдийн ашиг орлогод шууд нөлөө үзүүлж, бизнес нь тасалдан нийгэм бухимдалтай байгаа бол зарим нь энэ байдлыг боломж гэж харж байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Зураач урчуудын холбооны гишүүн, Барималч Ж.Шагдарсүрэн сүүлийн хоёр жилд уран бүтээлдээ илүү төвлөрөх боломж олдож, чадвараа нэмэгдүүлж байгаа талаараа хуучлав.


-Уран бүтээлийн гараагаа хэзээнээс эхэлж байв. Анхны бүтээл тань юу байсан бол?

-Уран бүтээлийн гараагаа 2009 оноос эхэлж байлаа. Анхны уран бүтээл морь байсан. Монгол эр хүний зүрх сэтгэлд адгуус амьтнаас хамгийн ойрхон, сүлдэндээ мөнхөлсөн морь хийж эхэлсэн маань бэлгэдлээ бодсон хэрэг. Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн эхэнд баримлын үүсэл хөгжил эхэлсэн гэж үздэг учраас ганц олдох амьдралаа барималтай холбосондоо сэтгэл хангалуун байдаг шүү. Надад тодорхой зорилго мөрөөдөл бий. Түүх соёлыг бүтээн, яриад дуусашгүй, судлаад баршгүй гүн гүнзгий утга агуулга бүхий бүтээлүүдийг туурвина аа гэж. Шантралгүй бага багаар урагшилж байна. Үүрийн 4 цагт босч, бүтээлээ барьж суудаг даа.

Баримал нь судалгаа, тэвчээр, цаг хугацаа, хөдөлмөр, ур ухаан, төвлөрөлт гээд хүнээс гарч болох биеийн хүч зөөллөх бүгдийг шаардах байгалийн хууль үйлчилдэг. 

-Танайхныг удам дамжсан гарын уртай хүмүүс гэж сонссон. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Аавыг минь Жаргал гэдэг. Залуудаа мод модон эдлэл хийдэг байсан хүн. Юмыг нямбай, цэвэрхэн, чанартай хийдэг. Бага байхад минь хөрөөдөж байсан модноосоо жоохон хэсгийг үлдээчихээд “За энэ зураасыг дагуулаад хөрөөд” гэнэ. Тэр мэтээр ур дүй суулгаж байсан байгаа юм. Аавын аав Жанцан гээд буурал байсан. Буурал аав маань чулууны төрлийн зүйлийг сайхан засаж өнгөлдөг, цэрэг эмээл маш гоё хийдэг хүн байсан юм билээ. Тэмээний булууны ясаар өөртөө хиймэл шүд хийгээд тогтоочихдог байсан гээд л бод. Тэр нь мэдэгддэггүй байсан гэдгийг буурал ээж маань ярьдаг байлаа.

-Өрхийн үйлдвэрлэлийн түвшинд эхэлж байв уу? Үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

-Үйлдвэрийн түвшинд хүрэх арай болоогүй байна. Бүтээл маань цөөхөн. Цахилгаан багаж хэрэглэдэггүй, бүх ажил 100 хувь гараар хийгддэг. Ийм нөхцөлд ажилчин олох боломж маш ховор л доо. Энэ жилийн төлөвлөгөө бүтээлүүд маань бага зэргийн цаг хугацаанаасаа хоцорч яваа ч энэ асуудал биш, гол нь зөв чанартай, стандартад нийцсэн бүтээл хийж, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах нь чухал.

-Сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор бизнесийн ашиг орлогод тань ямар нөлөө үзүүлж байна?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг одоо яая гэхэв. Төр засгийн шийдвэрийг хүндэтгээд, иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, эл аюулын ард хамтын хүчээр гарах нь чухал байна. Миний хувьд бизнесийн ашиг орлого хумигдаж, ийм тийм боллоо гэж бухимдахгүй байгаа. Өөрийгөө хөгжүүлэх, бүтээлийнхээ чанар чансааг дээшлүүлэх талаар бодох, бүтээхэд илүү их цаг заваа зориулж байна. 

-Ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хэр олон байдаг вэ? Өрсөлдөөн хэр байдаг бол?

-Баримлыг хэн дуртай нь хийж, өрсөлдөөн үүсгэх боломжгүй. Энэ салбарт маш том орон зай байна гэж ойлгож болно. Би Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн сумдаар бүтээлээ зарж явсан. Ямар том орон зай, боломж байгааг тэгэхэд мэдэрсэн.

-Жижиг дунд бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?

-Бэрхшээлтэй асуудлууд бий. Хүний хийсэн бүтээлийг хулгайгаар хуулбарлан зардаг хүмүүс хамгийн том асуудал болж байна. Амьдралынхаа хэдэн сар, нойр хоол, оюун бодол, хүч хөдөлмөр зориулж өөрийнхөө хийсэн бүтээлийг өөрөө зарж чадахгүй байдалд хүрэх тохиолдол ч байна. Бүтээлээ эхлэхээсээ дуусах хүртэл зургийг нь авч, бичлэг хийж баталгаажуулдаг болсон. Тэгээд ч хүчин мөхөсдөх үе байна. Хүний хийсэн бүтээлийг хууль бусаар хийж байгаа хүн өөрийгөө дүрсжүүлж би энийг хийсэн гэж чадахгүй байх л даа. 

-Бүтээлүүддээ оюуны өмчийн бүртгэл хийлгэдэг үү?

-Оюуны өмчөөр тэр бүр хамгаалагдах боломжгүй юм билээ. Компани байгуулж байж брэнд үүсгэн, энэ брэндийн ийм бүтээгдэхүүн гэж байж л хамгаалдаг гэсэн. Утга ойролцоо, хэмжээ нь тэмээ ямаа хоёр шиг зөрүүтэй байхад оюуны өмчөөр хамгаалах боломжгүй юм байна лээ. Сүүлийн үед харин судлаагүй юм байна.

-Хамгийн удаан хугацааг зарцуулж хийж байсан бүтээл тань?

-Одоо энэ хоёр азарга маань асар их цаг хугацаа, саад бэрхшээлийг давж бүтээл маань амилж байна. Хийвэл хйисэн шиг хий, алгасах, товчлох ямар ч боломж байхгүй, тайван төвлөр, тэвчээртэй суу гэж өөртөө хэлдэг. Хамгийн удаандаа 38 цаг сууж байлаа. Бараг л хоёр өдөр суудлаасаа ховхроогүй шүү.

-Хамгийн өндөр үнээр зарагдаж байсан бүтээл?

-Энэ дуусч байгаа хоёр азарга маань анхны захиалагчийн үнэ 2 сая. Миний одоогийн энэ хэмжээнд ханасан үнэ гэж бодож байгаа. Дараа дараагийн захиалгад маань үнэ дагаж чанар өссөн үзүүлэлт гарч байгаа нь хөдөлмөрийн маань шим. Үүндээ ч сэтгэл хангалуун байна. 10 жилийн өмнө хийж байсан морийг маань 5000 төгрөгөөр ч авахгүй үе байсан шүү. Миний чадвар чансаа тийм л байсан хэрэг.

-Таны бүтээлд голлох байрыг юу эзэлж байна?

-Миний бүтээлд Монголын зэрлэг ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газрууд голлодог. Бодит талаа л барьж хийнэ. Аргаль, янгир, хавтгай, хулан, тахь гээд л бүх ан амьтныг аль чадах хэмжээндээ хийж байна.

Бүтээлүүдийн тань бусдаас ялгарах онцлогийг маш товчоор тодорхойлвол?

-Бүтээлүүдээ тайван, дөлгөөн, тогтуун, амар тайван талдаа хийдэг. Харин энэ 2 азарга л хүчтэй тулж байгаа.


-Бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хэрхэн хийдэг вэ?

-Баянхонгор аймагт Мишээл худалдааны төвд худалддаг. Бэлэн мөнгөөр худалдахын зэрэгцээ малаар, цахилгаан бараа, хүнсний зүйл гээд бартер солилцоо хийхийг нь хийчихдэг. Нэг талдаа ч амар байдаг. Хэн хэндээ хэрэгтэй байгаа зүйлээрээ солино гэдэг. 

-Асуултгүй хормыг таны мэдэлд.

-Намайг хүндэтгэн урьж ярилцсанд баярлалаа. Миний бүтээлүүдийг худалдан авсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүгдийн ачаар мөрөөдөл минь гэрэлтэж байгаа шүү. Тэнгэрийн оронд одсон хайрт ээждээ Хүү нь зорьсондоо хүрнэ ээ гэж амалъя.


Холбоотой мэдээ