Хадны зургийн дурсгалт газруудад дэлхийн өвийн багана, самбар байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-25 13:26:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны ажлын баг Дэлхийн өвийн дурсгалт газрууд болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт дэлхийн өвийн багана, самбар байрлуулах, хяналт шалгалт, хээрийн судалгаа хийх ажлыг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.  


Ажлын багийг хамгаалалтын захиргааны дарга Б.Өмирбек ахалж, нягтлан бодогч Б.Жанболат, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч М.Адилбек, Байгалийн өвийн бүртгэл мэдээллийн санч Х.Ербахыт нар хамт ажилласан байна. Энэ үеэр тус захиргааны Арал толгойн хадны зургийн харуул хамгаалалтын ажилтан А.Байбөри, Шивээт хайрханы хадны зургийн харуул хамгаалалтын ажилтан Б.Гантулга, Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн харуул хамгаалалтын ажилтнууд Д.Байболсын, Т.Ергенбай нартай хамтран дурсгалт газруудад үзлэг шалгалт хийжээ.

Мөн Арал толгойн хадны зурагт нэг ширхэг мэдээллийн самбар, хоёр ширхэг дэлхийн өвийн багана босгосон байна. Арал толгойн хадны зургийн хувьд нэлээн элэгдэж гэмтсэн, зарим зургууд нь бүдгэрч харагдахааргүй болсон аж. Зурагтай хадан дээр нутгийн иргэдийн мал бэлчдэг учраас зургийн өнгө алдагдаж хуучирсан гэдгийг хамгаалалтын захиргааныхан онцолж байна. Иймд дурсгалт газрын хадны зургийг гэрэл зургаар баримтжуулж, зурагтай хадан дээр бичсэн, сараачсан хүмүүсийн нэрсийг түүвэрлэж, GPS координатыг авч, тэмдэглэл хөтөлсөн байна. Цаашид дурсгалт газрын ойр орчимд хаясан эзэнгүй хог хаягдлыг түүж, цэвэрлэхийг харуул хамгаалалтын ажилтан А.Байбөрид үүрэг болгожээ.

Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор, Цэнгэл сумын Шивээт хайрханы дурсгалт газруудад тус бүр нэг ширхэг мэдээллийн самбар, дөрвөн ширхэг багана байрлуулжээ.


Мөн дээрх гурван дурсгалт газарт хээрийн судалгаа хийж, 6 хүн чулуу, 4 буган хөшөө, 12 ширхэг эртний тамга тэмдэг, нэлээд хэдэн хиригсүүр, пазырык булш, хоёр руни бичгийн дурсгал, нэг төвөд бичээс, нэлээд хадны зургийн гэрэл зураг, хэмжээ, солбицлыг авч баримтжуулан, байгууллагын бүртгэл  мэдээллийн санд оруулсан байна.

Холбоотой мэдээ