Байден Сенатын гишүүдтэй дэд бүтцэд хөрөнгө оруулах төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-24 09:10:49

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт Конгрессын Сенатын танхим дахь хоёр намын бүлгүүдтэй тус улсын дэд бүтцэд хөрөнгө оруулах төлөвлөгөөнийхөө талаар санал солилцоно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв.


Түүний мэдээлснээр, Цагаан ордны өндөр албан тушаалтнууд дэд бүтцийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа хоёр намын бүлгүүдтэй үр дүнтэй уулзалт хийжээ. “Гэрээний үндсэн заалтуудын талаар ахиц дэвшилд хүрсэн. Ерөнхийлөгч маргааш тэдний саналыг биечлэн хэлэлцэхээр Цагаан ордонд урьсан” гэж Жен Псаки лхагва гарагт мэдээлжээ.


Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар, Сенатын танхим дахь хоёр намын бүлгүүд 1.2 их наяд долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндсэн заалтуудын талаар тохиролцоонд хүрч чаджээ. Пүрэв гарагт хууль тогтоогчид өөрсдийн саналыг төрийн тэргүүнд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.


Байден 2 их наяд гаруй долларын өртөгтэй, АНУ-ын дэд бүтцийг шинэчлэх, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх төслийг гуравдугаар сарын 31-нд танилцуулсан билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Дэлхийн II дайнаас хойш ажлын байруудад оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж тэрбээр мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ