Улаанбаатар-Шар Хөтөл-Орхоны замын ТЭЗҮ-г боловсруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-21 18:10:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн /Орхоны гүүрээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх/ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил эхэлжээ. Уг ажлын явцтай төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Батлут, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар танилцлаа.

Уг төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “MCPCgr” ХХК шалгарчээ. Тус компани төслийн ТЭЗҮ-г энэ оны 12 дугаар сарын 1-нд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Одоогоор хайгуулын ажил хийж байгаа талаар “MCPCgr” ХХК-ийн инженер Г.Энхцэцэг ярилаа.

Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт гэж албаны хүмүүс тайлбарлалаа. Мөн Төв аймгийн Жаргалант сумын хоёр багийг дайран өнгөрнө. Ингэснээр тухайн суурин газруудын бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгнө гэж үзэж буй.

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Батлут ярихдаа “ТЭЗҮ-г боловсруулж дууссанаар бид бүтээн байгуулалтын зардлыг ирэх оны төсөвт суулгах саналыг холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

 

Холбоотой мэдээ