Женевийн дээд хэмжээний уулзалт Оросын хувьд амжилттай болсон гэж Трамп үзэж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-17 11:12:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Швейцарын Женев хотод болсон Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт Вашингтонд бус Москвагийн хувьд амжилттай болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп үзэж байна.  


"Ерөнхийдөө бид юу ч хожсонгүй гэж бодож байна. Бид өндөр индэрийг Орост өгсөн. Тэгээд бидэнд авсан юм алга. Энэ өдөр Оросын хувьд сайхан өдөр болсон гэж бодож байна. Харин бид юу авсныг ойлгохгүй байна" гэж Цагаан ордны тэргүүн асан “Fox News” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.


Трамп мөн “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг тавихад ОХУ-д саад хийхгүй байхыг Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй АНУ-ын одоогийн засаг захиргаанд зөвлөсөн байна.


Түүнчлэн Орос-Америкийн хамтын ажиллагаа харилцан ашигтай байж болох тул ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг маш их хүсэж байна гэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний талаар ярихдаа Трамп "түүнтэй үнэхээр сайн харилцаатай байсныг" онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр "Орост хэн ч өөрөөс нь илүү хатуу ширүүн хандаж байгаагүйг" нэмж хэлэв.


Засаг захиргаа нь Орост “маш олон хориг арга хэмжээ авсан” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч асан онцлон тэмдэглэсэн байна. “Тэдгээрийг цуцлах санаа надад маш их таалагдсан. Хэрвээ тэд өөрсдийгөө хяналтдаа авсан үед л хоригийг цуцлахад баяртай байх болно" гэж Бүгд найрамдах намын гишүүн хэлжээ.


Трамп АНУ, ОХУ-ын харилцааны талаар ярихдаа, "гайхалтай байж чадна" гэж тэмдэглэжээ. "Эдгээр нь хоёр улсад үнэхээр харилцан ашигтай байх боломжтой гэж Ерөнхийлөгч асан хэлсэн байна.


ОХУ эдийн засгийн салбарт АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдэгт Трамп итгэж байгаагаа илэрхийлжээ.


Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт лхагва гарагт Женев хотод болсон билээ. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгыг Вашингтоны талаас гаргасан байна.  

Холбоотой мэдээ